Япон Улс руу адууны махны экспортыг нэмэх талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-27 11:16:44

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай нар Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайд Б.Баярсайхан, Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх профессор, доктор Ш.Кавашима нартай өчигдөр уулзлаа.


Уулзалтын үеэр Монгол Улсаас Япон улсад адууны махны экспортыг нэмэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог уялдуулан зохицуулах шаардлагатайг онцлов. Түүнчлэн, Монгол Улсаас адууны махны экспортыг нэмэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, малын эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл, төхөөрөх үйлдвэрийн стандарт, шаардлага, эрх зүйн орчны онцлог зэрэг асуудлаар санал солилцжээ.



Японы талаас мэргэжлийн экспертүүдийг Монголын мах боловсруулах үйлдвэрүүдэд ажиллуулах, экспортын бараа бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуй, чанарын шаардлагыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх талаар ярилцлаа. Адууны махны экспортыг өргөжүүлэх нь зөвхөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд төдийгүй, Монголын мал аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, малчдын орлогыг нэмэхэд чухал ач холбогдолтойг талууд тэмдэглэжээ.

 

関連ニュース