БНЧУ-ын бизнесийн салбарынхантай мега төслүүдэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-17 17:17:55

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхээр Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.


Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хүлээн авч уулзахдээ энэ талаар хамтран ажиллах санал солилцлоо.


НЗДТГ-аас хөгжлийн 24 мега төслийг товч танилцуулахад, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый “Төслүүдийн явц, ТЭЗҮ, судалгааг харахад итгэл үнэмшил төрүүлэхүйц байгаа учир нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй томоохон төслийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахад таатай байна” гэдгээ илэрхийлжээ.


Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр БНЧУ-тай метро, трамвай зэрэг дэд бүтцийн төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцохыг хүслээ. БНЧУ-ын “Ателиер Цунами” архитектур, бүтээн байгуулалтын компанийг байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Алеш Кртичка дотоодын болон олон улсын зах зээлд 33 жил үйл ажиллагаа явуулсан компанийнхаа туршлагыг танилцуулав.


Монгол Улс БНЧУ-тай бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Чехийн дагнасан, хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 1993 оноос хойш 25.1 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Монгол Улс, БНЧУ хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, 75 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн аж. 

関連ニュース