ТӨВ: Хүний гавьяат эмч П.Бумбагын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-24 15:16:11

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуудан Монгол Улсын хүний гавьяат эмч Пүндэгийн Бумбагын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв.

Хөшөөний нээлтийн үеэр түүний хүү Б. Эрдэнэбаатар: "Аав минь эгэл даруу, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд бат зогсож, мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулдаг хүн байсан. Миний аавын алдар гавьяаг хүн бүхэнд дахин сануулж, гэгээн дурсгалыг нь мөнжхүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон талархлаа" гэв. 


Монгол Улсын Хүний гавьяат эмч П.Бумбага Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт 1928 онд төрсөн. Анагаах ухааны дээд сургуулийг 1956 онд төгсөж, 1956 оноос Лүн, Өнжүүл суманд их эмч, 1959 оноос аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт дотрын их эмч, 1977 оноос Ерөнхий эмчээр ажиллаж байсан хүн юм. Түүнийг 1976 онд Гавьяат эмч цолоор шагнажээ.


П.Бумбагын хариуцсан нэгдсэн эмнэлэг амбулаторын үзлэг 122 хувь, ор хоног ашиглалтыг 109 хувь, урьдчилан сэргийлэх тарилгын төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүлж, хэд хэдэн тасаг нь таван жилийн гавшгайч хамт олон болж байв. 



 

関連ニュース