Тэнгэрийн ван гаргийн 29 дэх дагуулыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-20 15:15:45

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 20 /РИА Новости/. Сансрын “Жэймс Уэбб” дуран авайн тусламжтайгаар Тэнгэрийн ван гаргийн шинэ 29 дэх дагуулыг нээн илрүүлсэн бөгөөд уг дагуулд S/2025 U1 гэдэг нэр өгсөн тухай НАСА агентлаг мэдээлжээ.


АНУ-ын Техас муж улсын Сан-Антонио хотод байрлах Баруун-Өмнөд бүсийн судалгааны хүрээлэнгийн /SwRI/хэсэг эрдэмтэд 2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр сансрын “Жэймс Уэбб” дуран авайг ашиглан ажиглалт хийх явцад Тэнгэрийн ван гаргийг тойрон эргэлддэг,  урьд өмнө нь мэдэгдээгүй байсан дагуулыг нээн илрүүлснээр дагуулуудын тоо 29 боллоо” гэж НАСА-гийн албан ёсны цахим хуудсанд бичжээ.


S/2025 U1 дагуул нь ердөө 10 км-ийн голчтой тул “Вояжер-2” хөлөг 1986 онд Тэнгэрийн ван гаргийн дэргэдүүр нисэн өнгөрөхдөө түүнийг анзаараагүй бололтой.


SwRI хүрээлэнгийн ахлах судлаач Марьям эль-Мутамид-ийн ярьснаар, Тэнгэр вангаас түүний шинэ дагуул хүртэлх зай 56 мянган км бөгөөд S/2025 U1-ийн тойрог зам нь зам Тэнгэрийн вангийн экваторын хавтгайг тойрон, Офелия ба Бьянка дагуулуудын тойрог замуудын дунд оршдог байна.  


Тэнгэрийн вангийн эхний хоёр дагуул болох Титания ба Обероныг 1787 онд Английн одон оронч Уильям Хершел нээсэн бол 28 дахь дагуул болох S/2023 U1-ийг Чилийн Лас-Кампанас одон орон судлалын төвийн дуран авайгаар илрүүлжээ. 

関連ニュース