Хиймэл оюунд суурилсан камерын зөрчлийн талаарх алдаатай мэдээллийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-14 15:07:22

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хиймэл оюунд суурилсан камераар сануулах мессеж, зөрчлийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ. 


Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад хиймэл оюунд суурилсан камерын 2600 гаруй хяналтын системээр иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээх ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Эдгээр сануулах мессеж, зөрчлийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ. 


ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг, “Хиймэл оюунд суурилсан камерын хяналтын системийн туршилтын хугацаанд иргэдэд зөрчлийн талаар алдаатай сануулах мессеж ирж байгаа тухай гомдол, санал ирүүлсэн. Эдгээрийг хүлээн авч иргэний мэдээллийг шалган залруулга мэдээллийг өгдөг. Гэхдээ энэ тал дээр системийг шинээр сайжруулах ажлыг ирэх долоо хоногт хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ иргэдэд очиж буй мессежний холбоос /линк/ хэсэгт санал хүсэлтийн цонхыг шинээр үүсгэсэн. Санал хүсэлтийн цонх зургаан сонголттой. Тухайлбал, тухайн иргэний өөрийнх нь автомашин биш тохиолдолд цонх хэсэгт байрлах сонголтуудаас идэвхжүүлэн хариу мэдээлэл илгээх боломжтой. Бид үүнийг хянан мэдээллийг засварлана” гэв.


Хиймэл оюунд суурилсан камерын хяналтын системийн тусламжтай замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тухайлбал, хурд хэмжих, гэрэл дохионы, чиглэлийн тээврийн эгнээний, автобусны буудал дээр зогссон, эгнээ байр буруу эзэлсэн, агшин зуурын болон дундаж хурт хэтрүүлэх, зогсох шугам болон үргэлжилсэн цагаан зураас давах зэрэг зөрчлийг илрүүлж байна. 


Түүнчлэн тээврийн хэрэгслийн стандартын бус номер, дугаар зүүж байгаатай холбоотой хиймэл оюунд суурилсан камерын хяналтын систем буруу таних тохиолдол гарч байгаа тул иргэдийг стандартын номер зүүхийг албаныхан сануулав.  



 

関連ニュース