Умард Солонгосын тал хилийн дагуух чанга яригчуудаа буулгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-10 11:40:50

ПЁНЬЯН, 2025 оны наймдугаар сарын 10 /Yonhap/. Умард Солонгосын тал бямба гаргаас эхлэн хилийн дагуу суурилуулсан зарим чанга яригчийг буулгаж эхэлсэн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ. Өмнөд Солонгосын тал хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг намжаахын тулд хилийн дагуух чанга яригчийг буулгаж дууссанаас хэдхэн хоногийн дараа ийм алхмыг хийж байна.


Зургаадугаар сарын 11-ний өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Умардтай харилцаагаа сэргээх хүчин чармайлтын хүрээнд Пёньяныг шүүмжилсэн суртал ухуулгын нэвтрүүлгийг зогсоосны дараа Өмнөд Солонгосын тал хилийн дагуух чанга яригчуудаа мягмар гарагт буулгаж дууссан юм.


“Умард Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг чанга яригчуудыг буулгаж байгаа нь бямба гаргийн өглөөнөөс эхлэн хилийн зарим бүсэд ажиглагдсан. Энэхүү ажиллагаа цаашид хилийн бүх бүсэд явагдах эсэхийг баталгаажуулах шаардлагатай бөгөөд Умард Солонгосын армийн холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн хянана” гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос сэтгүүлчдэд мэдээлжээ.


Умард Солонгосын талаас хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг хил дамнуулан удаа дараа хөөргөсний хариуд Өмнөд Солонгосын тал өнгөрсөн оны зургаадугаар сараас буюу сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа чанга яригчаар суртал ухуулга нэвтрүүлэх кампанит ажлыг дахин эхлүүлээд байсан юм.


Харин Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш Солонгос хоорондын харилцааг сэргээх арга хэмжээнүүдийг авч байна. Тэрбээр чанга яригчийн нэвтрүүлгийг зогсоохоос гадна иргэний бүлгүүдэд Пёньяны эсрэг ухуулах хуудас тараахаа зогсоохыг уриалж, эвлэрэх зорилго бүхий ийм үйлдлүүд нь Умардтай харилцах замыг нээж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн Сөүлийн засаг захиргаа Өмнөд Солонгос-АНУ-ын армийн жил тутмын сургуулилалтын хүрээнд явуулдаг 40 орчим хээрийн сургуулилалтын тал орчим хувийг хойшлуулжээ. 

関連ニュース