Тель-Авивт олон мянган хүн жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 10 /AFP/. Израилын Засгийн газар мөргөлдөөнийг өргөжүүлж, Газа хотыг эзлэн авна гэдгээ мэдэгдсэний дараа Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалсан олон мянган хүн бямба гарагт Тель-Авив хотод эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.
Жагсагчид Палестины нутаг дэвсгэрт барьцаалагдаад байгаа
хүмүүсийн зургийг барин тэднийг шилжүүлэн авах чиглэлд хүчин чармайлт тавихыг
засгийн газарт уриалсан байна. Жагсаалд оролцогчдын тоог хэдэн арван мянгад
хүрсэн гэж AFP агентлагийн сэтгүүлчид тооцоолсон бол барьцаалагдсан хүмүүсийн
ар гэрийнхний төлөөлөл мэдээлэхдээ, 100 мянга орчим хүн оролцсон гэв. Эрх
баригчид цугласан хүмүүсийн тоог албан ёсоор гаргаагүй байна.
Өнгөрсөн баасан гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Онц байдлын засгийн газар Газа хотыг эзлэх томоохон ажиллагаа явуулах төлөвлөгөөг баталсан нь дотоодын төдийгүй олон улсын хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Гадаадын орнууд, тэр дундаа Израилын зарим холбоотны хувьд барьцаалагдсан хүмүүсийг нутаг буцаах, мөн тус зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд яриа хэлэлцээ өрнүүлэх замаар гал зогсоохыг эрмэлзэж байна. Гэвч эсэргүүцэл шүүмжлэлийг үл харгалзан Б.Нетаньяху шийдвэртээ бат зогссон хэвээр байна. Тэрбээр баасан гаргийн орой олон нийтийн сүлжээндээ нийтлэхдээ “Бид Газыг эзлэх бус, харин Газыг ХАМАС-аас чөлөөлөх болно” гэж мэдэгджээ.
Ерөнхий сайд 22 сарын турш үргэлжилж буй дайны явцад
ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн бөгөөд өмнө нь байгуулсан гал зогсоох
хэлэлцээрүүдийн хүрээнд ХАМАС-ын барьцаанд байсан израилчуудыг палестин
хоригдлуудаар солилцсоны дараа ийм хэлэлцээр байгуулахыг уриалсан жагсаал
цуглаан олон удаа өрнөжээ. ХАМАС бүлэглэлийнхэн 2023 онд Израил руу гэнэтийн дайралт
хийх үеэрээ 251 хүнийг барьцаалснаас одоогийн байдлаар 49 хүн барьцаалагдсан
хэвээр байгаа бөгөөд тэдний 27 нь амиа алдсан гэж цэргийнхэн мэдээлсэн байна.