ЗАВХАН: Гурван тэрбум жилийн өмнө үүссэн гэх Отгонтэнгэр

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2025-07-25 14:17:16

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог Отгонтэнгэр уулыг ертөнцийн эх газрын анхдагч хэмээн нутгийнхан шүтдэг.


Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайг 200 сая жилийн, Гималайн нурууг 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсон гэж үздэг. Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” нь дэлхий анх галав юүлсэн, усан далайгаар бүрхэгдсэн үед буюу гурван тэрбум жилийн өмнө усан дороос цухуйснаар Монголд анх эх газар үүссэн гэдэг домог бий.


Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.


Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр ирсэн төрийн тахилгатай уул юм. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд Очирваань хайрхныг тахиснаас хойш жил бүрийн зуны дэлгэр цагт тахиж байхыг зарлигдсан байдаг.


Мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй.


Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь эндээс эх авдаг олон голын эх ундаргын үүсвэр болдог. Тухайлбал Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын гол юм. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. 


Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Чулуурхаг мөнх цэвдэгт хөрс их тархсан, намхавтар уулсаараа бор шороон хөрстэй.

 

Өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрдэнэ. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Ганцхан шинэс мод 2600 метр өндөр газар хүртэл ургаж, 3000 метрээс дээш өндөрт нь зөвхөн хаг л ургадаг.

Завхан аймаг, Улиастай сумаас Отгонтэнгэр хайрхан харагддаг. 


Отгонтэнгэр ууланд Их тайлгын овоо буюу Төрийн овоо бий. Энэ овоог дөрвөн жилд нэг удаа тахидаг.


Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонууд бас бий. Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг газар бий. Хэд хэдэн овоотойн дээр, 2908 метрийн өндөрт өргөгдсөн 2 оройтой нуруу юм. Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд оршдог. Улиастай хотоос 50 орчим километр алс ба энэ уул руу өгсөхөд 1.5 цаг явган явж хүрнэ.


Отгонтэнгэрээс 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн нутаг юм.


Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг.


Энэ уулын эх бие орчмоор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай.


Уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл болон асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой.


Отгонтэнгэр уул зүүнтэйгээс Жонштын ам.

Монгол түмний сүр сүсгийн дээд энэ их оргилд буга согоо, ирвэс, шилүүс, хойлог, ховор шувуу, ан амьтад нутагшин байдаг. Богд Очирваань уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан хэдийнээ алдаршсан билээ.


Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”,

“Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй.


Отгонтэнгэрийн урд сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага нуур нь 300 х 400 метрийн хэмжээтэй.

Гэрэл зургуудыг: Н.Сүхбат, П.Баатарзоригт, Б.Батхуяг, Б.Бат-Эрдэнэ, Д.Энхболд, н.Батсүх, н.Түшиг, Э.Баттүшиг, Б.Наминчимэд