“Торгоны зам” авто раллид оролцогчид Баянхонгор аймагт хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхлүүлсэн “Торгоны зам” авто раллид оролцогчид Монголын нутагт хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тус уралдааны Монгол дахь нээлт хоёр хоногийн өмнө болсон бол өдгөө уралдаанчид Баянхонгор аймгийн нутагт хөл тавьжээ. Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгаар 5500 километр замыг туулах энэхүү уралдаанд Монгол, ОХУ, ХБНГУ, Канад, БНХАУ, Латви, Мексик, Казахстан, Туркменистан, Узбекистан, Беларусь, Швейцар зэрэг 15 орны 830 гаруй оролцогч, 306 машин өрсөлдөж байгаа юм.
Монголын нутгаар энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх энэхүү уралдаанд манай улсаас мотоциклийн төрөлд олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, UTV ангилалд Х.Амартүвшин, Б.Хатанбаатар нарын баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. П.Мөрөнгийн хувьд өмнө нь энэхүү уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.
2010 оноос эхлэлтэй “Торгоны
зам” авто ралли нь хээр тал,
элсэн цөл, ой мод, уулархаг нутгийн 600-5000 километр замд 2-15 хоног
үргэлжилдэг, суудлын болон ачааны автомашин, мотоциклийн ангиллуудаар,
мэргэжлийн тамирчид, сонирхогчид, аялагчдын гэсэн төрлөөр болдог уламжлалтай. Энэхүү авто ралли өмнө нь 2019,
2024 онд манай улсын нутагт болж байсан юм.