Сүхбаатарынхан одтой сайхан наадлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмаас Сүхбаатарынхан хурдан морины нэг түрүү, хоёр айрагтай, хүчит бөхийн гарди цолтонтой, үндэсний сур харвааны дэд байртай одтой сайхан наадлаа.
Монгол төрийн наадмын хурдан их насны уралдаанд Баруун-Урт сумын уяач Л.Анхбаатарын хүрэн халзан түрүүлсэн бол соёолонгийн уралдаанд Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан айргийн дөрөвт, Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайн бор айргийг тавд тус тус хурдлан, наадамчин олноо баясгалаа.
Хүчит бөхийн барилдаанд Сүхбаатарынхан төдийгүй бөхөө дээдэлдэг монгол хүн бүр аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын төлөө дээлийн захаа мушгиж, улсын
цолд хүрэхийг хүлээж суусан. Тэрбээр зон олны энэхүү хүлээлт, итгэлийг хүлээж Сүхбаатар аймагтаа үндэсний бөхийн анхны том цолыг авчирч
чадсан юм. 1921 оны
Ардын хувьсгалаас
хойш буюу 104 жилийн дараа Сүхбаатар аймгийн бөх анх удаа улсын баяр наадмын үзүүр түрүү булаалдаж, Монгол Улсын гарди цол
хүртсэн нь түүхэн амжилт байлаа.
Харин үндэсний сур харвааны эмэгтэй төрөлд Монгол Улсын мэргэн Лхагвасүрэгийн Одсайхан 40 сумнаас 36 онож дэд байрт шалгарлаа. Удаах амжилтыг өсвөрийн харвааны балчир насны ангилалд Баяндэлгэр сумын уугуул монгол харвааны “Андуул” клубийн харваач дөрвөн настай Б.Есөнсондор харваж, 20 сумнаас 19 онож шагналт тавдугаар байрыг эзэлж хүрэл медаль хүртжээ.
Ийнхүү монгол төрийн их наадамд Сүхбаатарынхан одтой сайхан наадаж хурдтай, хүчит бөхчүүдтэй, эрхий мэргэн хараавчидтай гэдгээ батлан харууллаа. Тэдний энэ амжилтад нутаг орноороо
баярлан бахадсаар байна.