СЭЛЭНГЭ: Зорьсон хүн бүрд ивээлээ өгдөг "Ээж мод"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутгийг зорин ирдэг аялагч, жуулчдын заавал очдог газрын нэг бол Ээж мод. Энэ бол “Дэвсэг ээж мод”, “Удган ээж мод” гэж алдаршин байгалийн гайхамшигт бүтээл болж, олон жил бөө удганы үеэс үе дамжин ард түмэн шүтэн биширч ирсэн тахилгатай мод юм.
Сэлэнгэ аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын нэг болох Ээж мод Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг. Аймгийн төв Сүхбаатар хотоос баруун зүгт 12 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 720 м-ийн өндөрт, Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутаг 34 дүгээр зөрлөгийн хойд элсэн мөргөц дээр оршдог тус мод 18 м урттай, 1 м-ийн голчтой холтосгүй хөх өнгөтэй, 100 салаа мөчиртэй.
Ээж модонд жил бүрийн ханш нээх өдөр тахилга үйлдэн байгаль эхээ бишрэн шүтэх, хүсэл зоригоо даатгах, ёс заншил, зан үйлийг гүйцэтгэдэг бөгөөд хүн ард нь өвчин зовлонгүй, байгаль дэлхийн хур ус цагтаа бууж, мал сүрэг нь тавлаг байх учиртай хэмээн даатган залбирдаг.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монголын тахилгат газар нутгийн судалгаа мэдээллийн төвөөс гаргасан “Монголын тахилга шүтлэгт газар нутаг” номд “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын төвөөс хойд зүгт байрлах Ээж мод нь 800-гаад жилийн өмнөөс тахиж байсан түүхтэй" хэмээн бичсэн байдаг. Эдүгээ нутгийн уугуул иргэд, оршин суугчид үе дамжин тахиж буй "Ээж мод" нь өдрийн цагт үндсээрээ таван голтой, шөнийн цагт мөчрөөрөө тэнгэрийн гурван марал одтой харилцдаг хэмээн түүхийн сурвалжид дурдсан байдгийг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн архивт бичиж үлдээсэн байна.
Энд ирээд хүсэл зоригоо, ажил үйлс,
амь амьдралаа даатгаад явсан хүмүүсийн хүсэл заавал биелдэг, хэдэн үедээ тэгш
сайхан явдаг, ирсэн хүн бүрд ивээл хайраа өгдөг гэсэн ам дамжсан яриа сүсэгтэн
олны дунд байсаар, олны урсгалыг татсаар байна.