Ё.Балдан: Үйл явдал бол урсаж байх учиртай, би түүнийг урсгасан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Урлаг
хэмээх зогсолтгүй урагшилж байх, төгсгөлгүй их ертөнцөд 58 жил хүч хөдөлмөр,
оюун ухаанаа зориулан тэсрэлт, шинэчлэлт хийхийн төлөө хүчин зүтгэж явсан Ё.Балдан
хэмээх энэ эрхэм хүн “Үйл явдал бол урсаж байх учиртай, би бол урсгасан хүн”
хэмээн ярилаа.
Тэрбээр анхны театр студи, анхны
телестуди гээд Монгол Улсын түүхэнд анхны тодотголтой бүхнийг Сэлэнгэ нутагт
түүчээлэн хөгжүүлж ирсэн, түүгээр барахгүй Монголын нэрт найруулагч Э.Оюуны гарын ганц шавь шүү гэж өөрөөрөө бахархан дурсдаг, танхай
этгээд зантай, шавхагдашгүй оюуны ундарга, билгийн их хүмүүн билээ.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн
сумын уугуул Ёндонжамцын Балдангийн энгэрт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээн эрхэм шагнал
гялалзлаа.
Эдүгээ 83 насны сүүдэр зооглож
байгаа энэ эрхэм “Клеопатра” жүжгийн зөвлөх найруулагчаар ажиллажээ.
Ё.Балдан 1967 онд БНМАУ-ын Соёлын яамны /хуучнаар/ томилолтоор Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд найруулагчаар анх
ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлж, соёл урлагийн байгууллагад тасралтгүй 46
жил ажиллаж гавьяандаа суужээ.
Тэрбээр энэ хугацаанд жүжиг 40 гаруй, дуурь, дуулалт жүжиг, мюзикль 60
гаруй, томоохон утгачилсан концерт 20 гаруй, баримтат киноны зохиол 20 гаруйг
бичиж, найруулжээ.
Мөн тэрбээр 81 насныхаа босгон
дээр театрыг өвөрмөц өнцгөөс харж, түүний оршин тогтнох мөн чанар, дотоод
хөдөлгөөн, хөгжил, дүрслэлийн боломж, жүжигчний уран чадварын талаар үнэтэй
санаа агуулсан хоорондоо холбоо бүхий "Тайзны хөдөлгөөн ба-Орон зай" гэсэн
цуврал гурван ном бичиж, залуу хойч үеийнхэнд туршлагаа өвлүүлэн үлдээсэн байна.
Найруулагч Ё.Балдан
Монголын концертын хэвшмэл найруулгыг
эвдэж, өнөөгийн хэлбэрт шилжих суурийг тавьсан бөгөөд түүний 1972 онд
найруулсан концерт БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалд өндрөөр
үнэлэгдэж, 2 сая төгрөгийн шагнал хүртэж
байжээ.
Энэхүү шагналын мөнгөөрөө Сэлэнгэ
аймгийн шатсан Соёлын ордныг сэргээн засварлаж, 1979 онд ашиглалтад оруулж
байсан түүхтэй хүн.
Мөн тэрбээр зах зээлийн хүнд цаг
үед тус аймагт анх удаа аймгийн Соёлын хэлтсийн дэргэд Театр студийг
байгуулан авьяас чадвараараа шалгаран тэнцсэн 10 охид, хөвгүүдийг шинэ цагийн урлагийн
их замд хөтөлсөн юм.
Тэд Р.Чойномын “Сүмтэй будрын
чулуу” зохиолоор бүтэн 2 цагийн театрчилсан тоглолтыг бэлтгэн баруун аймгуудаар
аялан тоглож, улсын төсөв бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж байв.
Мөн өөрийн зохиол “Заяа төөрөг”
хэмээх ухаарал уянгын аястай жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулж байсан юм.
Түүний сэтгэн бодох чадвар
үнэхээр гойд онцгой төрсөн нэгэн. Ё.Балдан багшийн гараас урлаг соёлын олон
гавьяат төрөн гарсан. Тэрбээр “Би бусдаас цойлж үзээгүй ч, бусдын дор орж
яваагүй дээ” хэмээнэ.
Харин гавьяаны амралтаа аваад
улсын ажлаас холдсон тэр цагаас хойш өөрийнхөө олон жил бодож, зорьж явсан
хүсэл зорилгоо биелүүлж театр, урлагийн тухай онолын хоёр ном бэлтгэн хэвлүүлж,
мэргэжлийн жүжигчин бэлтгэх сургуулиудад гарын авлага болгон өгсөн нь үнэтэй хувь
нэмэр болжээ.
Ё.Балдан багшид 1981 онд болсон
Сэлэнгийн декат буюу “Урлагийн соёлын 10 хоног”-оор гавьяат цол өгөхөөр тодорхойлж
байсан ч үзэл бодлын зөрчлөөс болж тухайн шагналыг авалгүй үлдээж байсан гэдэг.
Бичиж туурвихын тухайд онцгой мэдрэмжтэй,
мартана гэж огт байхгүй, ёстой л ухаан сийрэг гайхамшигтай уран бүтээлч хүн.
Түүнийг Сэлэнгийн ахмад уран
бүтээлчид бүгд Балдан багшаа хэмээн хүндэтгэн дууддаг юм.
Балдан багш зах зээлийн эдийн
засагт шилжиж байсан 1990-ээд оны эхээр хөдөө орон нутагт телевизийн анхны
суурийг тавьсан найруулагч гэдгээрээ бас онцлогтой.
Түүний тухай товч өгүүлнэм.