Э.Номин-Эрдэнэ: Хүүхдийн хувцас оёхдоо миний хүүхэд өмсөнө гэж бодон хайраа шингээж урладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-07-13 18:01:47

Мандалговь, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хувцсыг оёхдоо миний хүүхэд өмсөнө шүү гэж бодон хайр шингээж урладаг” хэмээн инээмсэглэн ярих шавилхан бүсгүйг Э.Номин-Эрдэнэ гэдэг. Дундговь аймагт гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл.

 

Э.Номин-Эрдэнэ “Uram kids” брэндээ нээх санааг гэртээ хүүхдээ харж суухдаа, хүүдээ зориулан баривч оёж, нэг оёдлын машинтай эхлүүлж байжээ. Эхний удаа зөвхөн баривч л оёдог байсан бол удалгүй 3 м.кв байр түрээслэн, хоёр оёдлын машинтай, нэг сандалтай үйл ажиллагаагаа жигдрүүлж, өдгөө нэрийн дэлгүүртэй, иж бүрэн оёдлын тоног төхөөрөмжтэй, таван ажилтантай үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.


Орон нутагт үндэсний үйлдвэрлэл явуулж буй залуучуудад Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн дэмжлэг хамгийн чухал бөгөөд зөв хүндээ очвол үр өгөөжөө өгдөг. Түүний жишээ болж Э.Номин-Эрдэнэ 2021 онд Хүнс хөдөө аж ахуйн газраас шалгаруулдаг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл хүсэж тоног төхөөрөмж, 100 м.кв ажлын байртай болжээ. Үйл ажиллагаа жигдрэхийн хэрээр урсгал зардал шаардаж, барааны нэр төрлөө нэмэх хэрэгцээ гарч төсөлд хамрагдсанаа тэрээр хэлсэн.


Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг газар олон байдаг ч “Uram kids” брэндийн ялгарах зүйл нь сэтгэлээ шингээх, оёдол бүрд анхаарч, тав тухтай, зөөлөн, биед эвтэйхэн, харшлахгүй, загварлаг, өнгөлөг, материал сайтай байх гэх зэрэг бүхий л зүйлийг нягт нямбай харж урладгаараа онцлог.


Аливааг урлахад гол хэсэг бол эсгүүр, оёдол. "Бүхий л бүтээгдэхүүнийг эсгүүрийн дагуу хийдэг учир ур, сэтгэл их чухал. Хүүхэд гэдэг өөрөө бүх зүйл нь гэгээлэг цагаан байдаг, маш их эерэг энерги авдаг учир ажилдаа дуртай" хэмээн эсгүүрчин Б.Мөнх-Ундрах ярив. Тэрбээр байгууллагадаа гурван жил ажиллаж байгаа бөгөөд ажилтан. Б.Мөнх-Ундрах, залуучууд нэг газраа тогтон, тухайн ажлынхаа үр шимийг хүртэж, туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж мөн онцолж байсан.


“Uram kids” дэлгүүрийн бүтээгдэхүүнүүд таван жилийн хугацаанд 5000-95000 төгрөгийн хооронд үнийн бодлогоо барихын сацуу чанар үзэмжээ алдалгүй ирсэн нь үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамжтай байлгадаг.


Одоогоор Uram kids брэнд 15 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж байгаа ба үндэсний уламжлалт баяруудад илүү ачаалалтай ажилладаг. Тэднийх Дундговь аймгийн 15 сумаас гадна зургаан аймаг, Улаанбаатар хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байнгын үйлчлүүлэгчтэй болжээ.


Э.Номин-Эрдэнэ залууст хандан, "Юм бүхэн амар байдаггүй, шантрах, болимоор санагдах үе ч байдаг. Харин тэр нь сайхан бүхний эхлэл учир тууштай, шантралгүй, эхлүүлсэн зүйлээ эцсийг нь харж, үр шимийг нь хүртэхийн тулд тэвчээр, сэтгэлийн хат, тооцоотой, хамгийн чухал нь хийж буй зүйлдээ хайраа, сэтгэлээ шингээвэл заавал амжилтад хүрдэг" хэмээн зөвлөлөө. Тэрбээр залуус тууштай, сэтгэлтэй байвал орон нутагт үргэлж боломж байдаг гэдгийг харуулсан нэгэн бодит үлгэр жишээ юм.









Д.Адьяасүрэн

関連ニュース