БАЯН-ӨЛГИЙ: “Их Алтай шувуулахуйн өв уламжлал” хамтарсан үзэсгэлэнд 50 гаруй судалбар зураг дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-09 09:16:09

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн угсаатны бүлгүүдийн соёл, өв уламжлал, байгалийн өнгө үзэмжийг уран зургаар илэрхийлэх Монгол Улс, ОХУ-ын зураачдын хамтарсан “Их Алтай шувуулахуйн өв уламжлал” үзэсгэлэнг аймгийн музейд дэлгэлээ.


Тус үзэсгэлэн нь хоёр улсын уран зураачид дүрслэх урлагаар харилцан суралцах, уран бүтээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах зорилгоор зохион байгуулж буйгаараа онцлог юм.

 

2025 оны 7 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд ОХУ болон тус аймгийн зураачид хамтран тус аймгийн Толбо, Баяннуур сумын нутгаар аялж угсаатны бүлгүүдийн өв соёл, байгаль дэлхийн өнгө үзэмжийг дүрслэн бүтээсэн 50 гаруй судалбар зургуудыг энэхүү үзэсгэлэнд тавьжээ.

 

Уг үзэсгэлэнг хоёр улсын зураачдын холбоо, аймгийн ЗДТГ, СУАЖЗГ, Музей зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, үзэгч олонд сонирхууллаа.


Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс Баян-Өлгий аймгийн ХДТ-ын зураач МУСТА Х.Дастаны "Бүргэд", "Бүргэдчин" болон ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн, Ч.Гуркиний нэрэмжит дүрслэх урлагийн сургуулийн багш Эдоков Алексей Владимировичийн "Монгол гэр" бүтээлүүд онцлог байлаа.











関連ニュース