АРХАНГАЙ: Аймгийн ус зүйн сүлжээ нь Умард мөсөн далайн ай савд багтана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн газар
нутгийн хэмжээ 55.313.82 хавтгай дөрвөлжин километр. Хойноосоо урагш 370 орчим
км, зүүнээс баруун тийш 500 орчим км үргэлжилж, Монгол Улсын
газарзүйн байрлалаар өргөргийн 47-49 хэм, уртрагийн 98-104 хэмийн хооронд
байрлана.
Архангай аймгийн ус зүйн сүлжээ нь дэлхийн ус хагалбарын Умард мөсөн далайн ай савд багтана. Тус аймгийн нутгаар Хангайн нуруунаас эх авдаг манай орны томоохон голууд болох Хойд Тэрх, Чулуут, Хануй, Хүнүй, Хойд Тамир, Урд Тамир, Орхон голууд урсдаг.
Голуудын тэжээлийн төрлийг тооцвол 15-25 хувийг гүний ус, 50-60 хувийг борооны ус, 15-25 хувийг цасны ус бүрдүүлдэг байна.
Усны газрын тооллогын дүнгээр 10 гаруй гол, 844 жижиг гол горхи, 188 нуур, 674 орчим булаг шандтай байна.