АРХАНГАЙ: Арав гаруй төрлийн 215 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-09 12:12:58

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2025 онд аймгийн хэмжээнд нийтийн ногоон байгууламжийн 30 га талбайд 61,103, ойжуулалт, ойн зурвас, байгалийн сэргэн ургалтад туслах ажлаар 215 га талбайд 386,500 нийт 447,603 модыг тарьц, суулгац үрээр тарьжээ.


Намрын тооллогоор тарьсан нийт модны амьдралтын хувийг 95 хувиар тооцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийжээ.


Цэнхэр, Булган, Ихтамир, Өгийнуур, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хотонт, Хайрхан сумын мод үржүүлгийн талбайд тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр хүлэмж болон ил талбайд навчит, шилмүүст модны 120 кг үр, 20000 мөчрөөр тарилт хийж, усалгаа, арчилгааны ажлыг технологийн дагуу хийсэн байна.


Одоогоор мод үржүүлгийн газруудын талбайд 1-5 настай 10 гаруй төрөл зүйлийн 215 мянган тарьц суулгацын нөөц бүрдүүлээд байна.


“Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хангайн бүсэд анх удаа Цэнхэр суманд 5 га газарт жилд 1.5-2.0 сая хүртэлх тарьц, суулгац гаргах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 оны эхний улиралд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхжээ.

関連ニュース