Хүүхдийн дууны цагаан толгой "Маамуу нааш ир"- т хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-25 12:56:54

Монголын үе үеийн хүүхдийн дууны цагаан толгой "Маамуу нааш ир" дууны 60 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр орон даяар цэцэрлэгийн багачууд нэгэн зэрэг дуулж хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, Төрийн шагналт Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дууг 1956 онд зохиосон байдаг. 

Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав 6 настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа аялсан нэгэн аялгуунаас санаа авч бүтээсэн түүхтэй. “Маамуу нааш ир” дууны анхны сонсогч нь хөгжмийн зохиолчийн охин байсан бөгөөд аав нь мондалин хөгжмөөр тоглон, өөрөө дуулж үзүүлсэн гэдэг.

Энэ дууг анх олны хүртээл болгосон эзэн нь МУГЖ хүүхдийн дуучин тодотголтой В.Долгор 29 настайдаа дуулж байв. Тэрээр "Маамуу Нааш ир" дууг 60 жилийн хугацаанд 3000 гаруй удаа тайзнаа дуулжээ.

Дууны үг хэлд орсон хүүхдийн сэтгэхүйд буух, танин мэдэх анхны алхамд сонирхол татах хамгийн энгийн уран үгтэйгээс гадна аялгуу нь бага насны хүүхдийн тогтоох чадварын хэмжээнд тохирсон. Дахин давтан эхний хоёр мөрийг дуулж, цааш ижил төстэй хэмнэлээр үргэлжлүүлэн төгсгөсөн зохиомж нь тун оновчтой хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг.

2011 онд “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөө бүтээж, Хүүхдийн ордны дэргэд байрлуулсан бөгөөд эл хөшөөний загварыг уран барималч Б.Эрдэнэбат урлажээ.

Ойн хүрээнд Монголын Хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөв. Энэхүү ёслолд Нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д. Эрдэнэсүрэн тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын үр хүүхэд, ач зээ, шавь нар хүрэлцэн иржээ. Мөн Ардын жүжигчин Д.Зангад, УГЗ, найруулагч Л.Эрдэнэбулган, МУГЖ хүүхдийн дуучин М.Долгор, МУГЖ У.Далантай, СГЗ, СУИС-ийн Хүндэт профессор Д.Ухнаа  нар хүрэлцэн ирсэн байв.

Мөн энэ үеэр Монголын хүүхдийн ордны “Квартет” хамтлаг МУГЖ М.Долгорын хамт “Маамуу нааш ир” дууг дуулан хүндэтгэл үзүүлэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

関連ニュース