ДУНДГОВЬ: Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-22 18:19:46
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас 2024 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж, орон даяар нээлтийн ажиллагааг зохион байгуулсан.


Дундговь аймагт зохион байгуулсан Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын өрхийн ЭМТ-өөс иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, биеийн жин болон артерын даралтыг хэмжиж, хүн бүрд зөвлөгөө өгчээ.


Түүнчлэн оролцогчдод эрүүл байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай мэдээлэл өгч, иргэд хамтдаа дасгал хийлээ.


2024 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай” хуульд “нийгмийн эрүүл мэнд" гэх ойлголтыг хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааг хэлнэ хэмээн тодорхойлсон.


Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд тус аймагт ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар аймгийн ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Загдсүрэнгээс тодруулахад “Манай аймгийн хувьд иргэдийнхээ идэвхтэй дасгал хийх боломжийг бүрдүүлж, дэмжин ажиллаж байна.


4 дүгээр сарын 1-нээс эхлэн өглөө бүр 6.30-аас иргэд аймгийн Спорт зааланд цуглаж, зохион байгуулалттайгаар бүжиг хийж байна. Өглөө эрт босоод дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ч олон байгаа. Тиймээс зам талбайгаа янзалж, тохижуулж, алхах, дасгал хийх боломжийг бүрдүүлсэн.


Түүнээс гадна энэ жил иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулах, иргэдийг дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтод уриалах, идэвхжүүлэх олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол үйл ажиллагаа нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг уриалж байна” гэлээ. 







関連ニュース