ДУНДГОВЬ: Чимээгүй цүнхнүүд юу өгүүлнэ вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-24 13:48:18
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Чимээгүй цүнхнүүд юу хэлнэ вэ? Дундговь аймгийн 15 сумын 19 сургуулийн 6-12 дугаар ангийн 1140 хүүхэд дээрэлхэлтийн эсрэг үгээ илэрхийлж, цүнхээрээ үзэсгэлэн гаргав. Ингэснээр дээрэлхэлтийн эсрэг байгаагаа тэд илэрхийлж, нөлөөллийн аянд нэгджээ.  


“Чимээгүй цүнх” үйл ажиллагааг аймгийн Цагдаагийн газар, "Гэрэлтдэг ертөнц" ТББ, "Ид шидийн орон Дундговь" ХХХТ, 15 сумын Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд зохион байгуулсан байна.


Тус аймгийн Прокурорын газраас гаргасан судалгаагаар 2023 онд 1173 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас насанд хүрээгүй хүүхэд хохирсон 19, хүүхэд холбогдож зөрчил үйлдсэн 10, нийт хүүхэдтэй холбоотой 39 гомдол мэдээлэл байсан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.


Энэ оны 3 дугаар сарын байдлаар 2 хүүхэд зөрчлийн хэрэг үйлдэж, 11 хүүхэд зөрчлийн хэргийн улмаас хохирол хүлээжээ.

Насанд хүрээгүй хүүхэд зөрчил үйлдэж байгаа шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэдээ хараа хяналт тавьдаггүй, тухайн хүүхдийн эрх зүйн мэдлэг сул, сургууль, багш нарын зүгээс аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр суралцагчдад сургалт сурталчилгаа тогтмол зохион байгуулдаггүйтэй холбоотой гэж үзсэн байна.  


“Чимээгүй цүнх”-нүүд хүүхдүүдэд анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, хүмүүжлийн эерэг нөлөө үзүүлдэг байхыг эцэг эх, асран хамгаалагчд, насанд хүрэгчдэд ойлгуулах, үе тэнгийн найзуудыг бие биеэ хайрлах сэтгэлээр хүндэлж, хичээлдээ шамдан суралцахыг уриалж, хүүхдүүд хэлэхийг хүссэн үг, сэтгэгдлээ цүнхээрээ дамжуулан ийнхүү илэрхийлжээ.  





関連ニュース