Гэр хорооллынхон сэргээгдэх эрчим хүчинд шилжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-04-16 17:10:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хот, суурин газрын гэр хорооллын иргэд хашаандаа панель хавтан тавиулж, нарны эх үүсгүүрийн цахилгаан эрчим хүчээр хангагдаж эхэллээ. Уламжлалт галлагааны мод, нүүрсийг халж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахад шилжиж байна.


Энэ талын төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Азийн сан хэрэгжүүлж эхэлж буйг НҮБ-ын байранд өнөөдөр болсон “Ногоон, тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах нь” олон талт хэлэлцүүлэг дээр Азийн сангийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Энхболд танилцууллаа.


Төслийг 2022 оны гуравдугаар сараас эхлэн туршиж, 5 айл өрхийн хашаанд нарны панель суурилуулаад байна. Тэрбээр цэвэр, сэргээгдэх эрчим хүчинд шилжсэнээр гэр хорооллын айл өрхийн иргэдий амьдралын чанар, тогтвортой орчин бүрдэж, нөхцөл сайжирна гэв. Гэр хорооллын айл өрхүүд сэргээгдэх эрчим хүчинд шилжсэнээр:

  • Төвийн эрчим хүчний системийн нийлүүлэлт, төлбөрөөс ангид болох,
  • Нүүрс, мод түлэхгүй байснаар гэр, байшингийн дотоод болон гадаад агаарын орчин цэвэр байх,
  • Өрх бүр түлээ, нүүрсэнд зарцуулдаг зардлаа 70 хүртэл хувиар бууруулж, тэр хэрээр хэмнэхээс гадна нүүрстөрөгчийн кредитийг бий болгож, урамшуулал авч, орлого олох зэрэг олон давуу талтайг мэдээллээ.


Гэр хорооллынхон сэргээгдэх эрчим хүчинд шилжсэнээр жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж, хоорондоо ямар харилцан уялдаа, хамааралтай байх талаар тодруулбал, Азийн сангийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Энхболд:

-Бид төслийн хүрээнд эхлээд өрх толгойлсон 50 айлд нарны хавтан суурилуулж байна. Ингэснээр эмэгтэйчүүд болон гэр бүлийн бусад гишүүд эрчим хүчний бусад эх үүсвэрийн талаар ойлгож, дүгнэн шинжилж, сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой шийдвэр гаргах юм гэсэн хариу өгөв.




関連ニュース