Сүхбаатар аймгийн УЗХ ээлжит чуулганаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-03 10:29:23

Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хороо / УЗХ / 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Наймдугаар чуулганаа хийлээ.

Чуулганаар аймгийн УЗХ-ны 2014-2015 оны ажлын тайлан, санхүүгийн тайланд үнэлгээ өгч, хорооны тэргүүнийг шинээр сонгох, мөн удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын хорооны гишүүд, МУЗН-ийн Үндэсний чуулганд оролцох төлөөлөгчдийг сонголоо. Чуулганд оролцогчдын 100 хувийн саналаар Сүхбаатар  аймгийн УЗХ-ны тэргүүнээр Иймагийн Батсүх сонгогдлоо. Тэрээр Сүхбаатар сумын засаг даргын орлогчийн албан тушаалтай, мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч юм. Тэрээр: “Энэхүү эрхэм бөгөөд хүндтэй үүргийг надад итгэл хүлээлгэн хариуцуулсан та бүхэндээ баярлалаа. Хүмүүнлэгийн үйлсийг илүү олон хүнд хүргэж, аймгийнхаа УЗХ-г шинэ шатанд гаргахын төлөө гар нийлсэн баг хамт олонтойгоо хамтран өөрийн бүх чадлыг дайчлан зүтгэх болно, баярлалаа” гэсэн юм.

Сүхбаатар аймгийн УЗХ бол амжилттай ажилладаг хороодын нэг. МУЗН-ийн Халамжийн хөтөлбөрийн хүрээнд Британи улсын хөрөнгө оруулалтаар “Нийгмийн халамжийн үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төслийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж амжиргааны түвшин доогуур өрхүүдэд улирал тутамд хүнсний  тусламж үзүүлдэг. Сүүлийн 8 жил төрөөсөө ямар нэгэн тусламж дэмжлэг аваагүй ч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан олон төрлийн үйл ажиллагааг хийж хэрэгжүүлжээ. Тиймээс хорооны 2014-2015 оны ажил, санхүүгийн тайланд хангалттай гэсэн үнэлгээ өгч, 2016-2020 онд хүмүүнлэгийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж баталлаа.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн дүрмэнд тухайн чуулган 50+1 гэсэн  ирцтэй бол хүчин төгөлдөр гэж үзнэ хэмээн заасан байдаг. Наймдугаар чуулганд анхан болон дунд шатны хороодоос 19 төлөөлөгч оролцож,  63,3 хувьтай чуулганы үйл ажиллагаа  явагдсан юм.

Т. Одончимэг

関連ニュース