ДУНДГОВЬ: Аймгийн аварга шалгаруулах футзалын тэмцээнд 82 тамирчин оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат эмч, спортын мастер Ш.Балжиннямын
нэрэмжит Дундговь аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн футзалын тэмцээнийг
энэ сарын 6-7-нд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Тэмцээнд 10 багийн 82 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж
самбаагаа сорин өрсөлдсөнөөс "Капитрон" баг тэргүүн байр эзэлж,
"Вард" болон "Лионс" удаах байруудад шалгарчээ.
"Шилдэг тэгш тоглогч"-оор "Лионс"
багийн тамирчин Г.Отгонбаатар, "Шилдэг хамгаалагч"-аар
"Капитрон" багийн тамирчин Д.Шинэцогт, "Шилдэг хаалгач"-аар
"Вард" багийн тамирчин Баяржаргал нар тус тус шалгарчээ.
Хөлбөмбөгийн футзалын спортыг хөгжүүлэх, насанд хүрэгчдийн шигшээ баг тамирчдыг шалгаруулах, тус спортоор хичээллэх иргэд, хүүхэд залуучуудын тоог нэмэх, хүрээг тэлэх зорилгоор тэмцээнийг Дундговь аймгийн Хөл бөмбөгийн холбоо, БТСГ-аас аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан бөгөөд шилдэг баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээнд оролцох юм.