Украин, Молдова, Гүрж евро бүсийн зүгт алхам урагшиллаа
ТОЙМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Европын Холбооны /ЕХ/
удирдагчид түүхэн шийдвэр гаргаснаар тус холбоо өргөжин тэлэх нь үндсэндээ
тодорхой боллоо.
Учир нь, Брюссельд болсон холбооны дээд
хэмжээний уулзалтаар Украин, Молдова улсуудтай гишүүнчлэлийн асуудлаар хэлэлцээ
хийж эхлэх, Гүрж улсад нэр дэвшигчийн статус олгох шийдвэрийг гаргажээ.
Эл шийдвэрийг тус гурван улсад баяр талархалтайгаар хүлээж авлаа. Украины Ерөнхийлөгч В.Зеленский твиттер сүлжээнд бичихдээ “Энэ бол Украины ялалт, энэ бол бүх Европын ялалт. Энэ бол урам зориг өгч, хүчирхэгжүүлэн бэхжүүлэгч ялалт” хэмээн сэтгэл догдлолоо илэрхийлсэн байна. Мөн Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду нийгмийн сүлжээнд бичихдээ “манай улсын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Бид Европын халуун тэврэлтийг мэдэрч байна” гэжээ. Түүнчлэн Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили дээрх шийдвэрт талархсанаа илэрхийлж твиттер хуудсандаа бичихдээ “Гүрж улс Европын гэр бүлд нэгдэх нь эргэлт буцалтгүй үйл явц мөн, Европын Комиссын шийдвэр бол Гүрж улс ба түүний ард түмний ялалт” гэжээ. Сүүлийн жил хагасын хугацаанд ЕХ-нд гишүүнээр элсэх асуудлыг Гүрж даяар өргөн хэлэлцсэн бөгөөд хүн амын 80 орчим хувь нь Европын хөгжлийн замыг сонгож байгааг санал асуулгын дүн харууллаа. Тус улсад нэр дэвшигчийн статус олгох эсэх нь саяхныг хүртэл эргэлзээтэй байсны учир нь, ерөнхийлөгч асан М.Саакашвилиг баривчилсан, Гадаадын агентын тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан, Орос-Гүржийн хооронд агаарын нислэгийг сэргээсэн зэргээс үүдэн ЕХ статус олгохоос татгалзсантай холбоотой.
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг зарлаж байгаа нь
Энэ удаагийн Брюсселийн уулзалтаар Босни Херцеговина улсад
нэр дэвшигчийн статусыг олгосонгүй, харин хэд хэдэн нөхцөл болзлыг тус улс биелүүлсний
дараа асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэдгээ ЕХ илэрхийллээ. Ташрамд дурдахад,
одоогийн байдлаар Турк, Хойд Македон, Монтенегро, Албани, Серб гэсэн улсууд ийм
статустай байгаа юм.
Өнгөрсөн оны 2 дугаар сард Украины эсрэг Оросын цэргийн
тусгай ажиллагаа эхэлсний дараа Украин, Молдова хоёр ЕХ-нд элсэх хүсэлтээ
гаргасан бол мөн оны 6 дугаар сард тус хоёр улсад нэр дэвшигчийн статус олгосон
билээ.
Ерөнхийлөгч В.Путин 10 дугаар сард “Валдай” мэтгэлцээний
клубын ээлжит хурлын үеэр мэдэгдэхдээ "Украин улс ЕХ-нд нэгдэх тал дээр Оросын
тал хэзээ ч эсэргүүцсэн байр суурийг баримталж байгаагүй, харин НАТО-д элсэх асуудал
бол огт өөр хэрэг, тус цэрэг-улс төрийн эвслийг Оросын хилд ойртуулан
өргөжүүлэх нь манай улсын аюулгүй байдалд шууд заналхийлнэ” гэсэн юм.
Будапешт-Брюсселийн толхилцоон
14-ний өдөр Брюссельд эхэлсэн ЕХ-ны гишүүн 27 улсын төр
засгийн тэргүүн нарын уулзалтын гол сэдэв нь Оросын довтолгоог сөрөн зогсож буй
Украинд туслах тухай байлаа. Тодорхой хэлбэл, 2027 он хүртэлх холбооны төсөвт
Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн эдийн засгийн тусламж ба 20 тэрбум еврогийн
цэргийн тусламжийг тусгах, гуравдугаарт, ЕХ-нд гишүүнээр элсүүлэх талаар хэлэлцээ хийж эхлэхийг Украинд санал болгох гэсэн гурван асуудал юм.
Холбооны гишүүн ихэнх улс эдгээр гурван асуудлыг дэмжсэн бол Унгарын Ерөнхий сайд В.Орбан эсрэг байр суурьтай байлаа. Дээд хэмжээний уулзалтын өмнө тэрбээр хэлэхдээ, гишүүнчлэлийн асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхэд шаардлагатай урьдчилсан нөхцлүүдийг Украины тал биелүүлээгүй гэдгийг дурдаад, Киевт үзүүлэх тусламжийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэхэд Унгар улс оролцохгүй гэж мэдэгджээ. Гэхдээ 2022 оны 6 дугаар сард холбооны гишүүн бүх 27 улс /Унгарыг оролцуулаад/ Украинд нэр дэвшигчийн статус олгохыг санал нэгтэй дэмжсэн юм.
Европын Комисс Украиныг хэлэлцээнд урьсан нь тус улс 7
урьдчилсан нөхцлөөс 6-г нь биелүүлсэн гэж үзсэнтэй холбоотой. Харин Унгарын тал
үүнийг үгүйсгэж, зөвхөн дөрвийг нь биелүүлсэн, ер нь бол 2024 оны зун болох
Европын парламентын сонгуулиас өмнө Украины гишүүнчлэлийн асуудлыг дурсах ч хэрэггүй
гэдгийг нэг бус удаа
мэдэгдэж байв.
Харин Украины парламент болох Дээд Рад дээд хэмжээний уулзалтын өмнө өө сэв хайх
шалтгийг Орбанд олгохгүйн тулд дөрвөн хуулийг баталсны нэг нь үндэсний цөөнхийн эрхийг
хамгаалах тухай хууль байлаа. Тодорхой хэлбэл, унгарчууд олноороо оршин суудаг Украины
Карпатын чанадын бүс нутаг дахь дунд сургуулиудын хичээлийг унгар хэл дээр
явуулж эхлэх тухай хууль юм.
Угаасаа ерөнхийлөгч Орбаны үед Унгар улс ЕХ-той зөрчилдсөөр
байгаа юм. Тус улсад шүүхийн хараат бус байдал алдагдсан гэж ЕХ шүүмжилдэг
бөгөөд эл шалтгаанаар холбооны төсвөөс Унгарт санхүүжилт олгохоос нэг бус удаа татгалзаж
байв.
Харин Брюселлийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Унгарын
парламент шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулсан хуулийг баталсны дараа
царцаагаад байсан 10 тэрбум еврог тус улсад олгохоор шийдвэрлэсэн байна. Эл
шийдвэрийг “Украины талаарх Орбаны байр суурийг зөөлрүүлэх гэсэн оролдлого”
хэмээн зарим улстөрчид шүүмжилжээ.
“Бид нар эд бараа солилцдог Унгарын зах дээр байгаа биш шүү,
Украин бол ардчилсан үнэт зүйлсийг эрхэмлэхийг хүсэж буй улс...” хэмээн
Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроо дургүйцлээ илэрхийлжээ. Харин В.Орбан
үүний хариуд хэлэхдээ, 10 тэрбум евро ба Украинд үзүүлэх цэргийн тусламж, тус
улсын гишүүнчлэлийн асуудлууд нь хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг
сануулсан байна.
Албан ёсоор элсэх адармаатай зам
Өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн саммитын үеэр хэлэлцээг
эхлүүлэх урилгыг Украинд илгээсэн бол ирэх оны 3 дугаар сард болох дараачийн уулзалтын
үеэр тус улстай хэлэлцэх асуудлын хүрээг
тодорхойлох болов уу гэж шинжээчид үзэж байна.
Ер нь бол, гишүүнчлэлийн асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг урьсан
нь улс төрийн жест буюу "дохио зангаа" төдий алхам бөгөөд Европын Холбоонд элсэнэ гэдэг бол хэд хэдэн үе шатаар
дамжиж, удаан хугацаанд үргэлжилдэг үйл явц юм. Үүнд:
1.Холбоонд элсэх хүсэлтээ гаргахын өмнө тухайн улс ЕХ-той
Ассоциацийн гэрээг байгуулна. Гэрээний нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд тухайн
улс нэр дэвшигчийн статустай болох боломж нээгдэнэ.
2.Гишүүнчлэлийн хүсэлтээ өгсний дараа уг хүсэлтийг хэлэлцэх
үнэлгээний үе шат эхэлнэ. ЕХ-ны гүйцэтгэх дээд байгууллага болох Европын Комисс
нэр дэвшигч улстай тодорхой шалгууруудын талаар хэлэлцээ хийж тохиролцоно.
Хэлэлцээний дүнг нэгтгэсэн тайланг ЕХ-ны хууль тогтоох дээд байгууллага болох
ЕХ-ны Зөвлөлд танилцуулах ба тус Зөвлөл өөр нэгэн хууль тогтоох байгууллага
болох Европын парламенттай зөвлөлдөнө. Ингээд гишүүнээр элсүүлэх асуудлаарх
хэлэлцээг эхлүүлэх тухай
шийдвэр гарч, тухайн улсад нэр дэвшигчийн албан ёсны статусыг олгоно.
3.Үүний дараа тухайн улс ЕХ-нд элсэхийн тулд биелүүлэх
шаардлагатай нөхцлүүдийг тодорхой болгоно. Нэр дэвшигч улс ба ЕХ-ны гишүүн
орнуудын хооронд хоёр талын хэлэлцээнүүд явагдана. Эдгээр яриа хэлэлцээний дүнг тухайн
нэр дэвшигч улс ЕХ-нд элсэн орох тухай гэрээний төсөлд тусгана.
4. Үүний дараа тухайн улсын гишүүнчлэлийг ЕХ-ны Зөвлөл санал
нэгтэйгээр, Европын парламент үнэмлэхүй олонхийн саналаар дэмжсэн байх ёстой.
5.Ийнхүү дэмжсэний дараа холбооны гишүүн бүх улсын
төлөөлөгчдийн бага хурлыг зарлан хуралдуулж, ЕХ-нд нэгдэх тухай гэрээнд гарын
үсэг зурна.
6. Уг гэрээг холбооны гишүүн бүх улсын парламентууд ба нэр
дэвшигч улсын парламент соёрхон батлах ёстой. Эдгээр бүх дүрэм журмыг хэрэгжүүлэх
үйл явц /процедур/ дуусаж,
гэрээ хүчин төгөлдөр болсноор тухайн улс ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болно.
Ташрамд дурдахад, өмнө нь яриа хэлэлцээ хийж эхэлсэн л бол
тухайн улсыг гишүүнээр элсүүлдэг байсан бол 2020 оны эхээр энэ журмыг
өөрчилснөөр хэлэлцээг зогсоох, үр дүн нь хангалтгүй гэж үзвэл тухайн чиглэлээр
хийж байсан хэлэлцээг дахин шинээр эхлүүлэх эрхийг ЕХ-нд олгожээ.
Ерөнхийд нь дүгнэвэл, Украин, Молдова улсуудын ЕХ-нд элсэх
үйл явц эргэлт буцалтгүй болсон нь тодорхой бөгөөд харин эл процесс хэдэн жил, тэр
ч байтугай бүхэл бүтэн 10 жилийн турш үргэлжилж магадгүй юм. Гэхдээ Украины асуудлыг түргэвчилсэн
горимоор шийдэж буйг харж дүгнэвээс, 2030 он гэхэд, эсвэл үүнээс ч
наана асуудал
бүрэн шийдэгдэж, дээрх гурван
улс ЕХ-нд бүрэн эрхт гишүүнээр элсчихсэн байх болов уу хэмээн ихэнх шинжээчид таамаглаж
байна.