46 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: BBC-гийн удирдлага огцров
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа сэргэж, Сири, Унгарын удирдагчид Цагаан ордонд айлчилж, BBC-гийн удирдлага огцорч, “SoftBank” компани “Nvidia”-гийн хувьцаагаа зарсан зэрэг үйл явдлууд болж өнгөрлөө. Ингээд өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
АНУ-ын түүхэнд
хамгийн удаан үргэлжилсэн шатдаун зогслоо
АНУ-ын түүхэнд
хамгийн удаан буюу 43 хоногийн турш үргэлжилсэн засгийн газрын үйл ажиллагааны
түр зогсолтыг /шатдаун/
зогсоох хуулийг Конгресс баталж,
Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Ардчилсан намын хэд хэдэн гишүүн бүгд
найрамдахчуудтай хамт дэмжсэн санал өгснөөр мухардлаас гарсан боловч Конгресс дахь зөвшилцөл нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй холбоотой Ардчилсан намынхны гол санаа
зовниж буй асуудлыг шийдээгүй юм. Энэ асуудлаар тусдаа
санал хураалт явуулна гэж мэдэгдээд байна. Түүнчлэн зарим зүүний үзэлтнүүд Чак
Шумерыг Сенат дахь намын бүлгийн даргын суудлаас огцрох ёстой гэж үзэж
байгаагаа илэрхийлжээ. Шатдауны улмаас амарсан төрийн албан хаагчид ажилдаа эргэн орсон бөгөөд
тэдний цалинг нөхөн олгоно.
BBC-гийн удирдлага огцров
Дэмжигчид нь Вашингтон хот дахь Капитолын ордон руу дайрахаас өмнө Д.Трампын хэлсэн үгийн талаар буруу сэтгэгдэл төрүүлэхийн тулд 2021 оны нэгдүгээр
сарын 6-нд хэлсэн үгийнх нь хоёр тусдаа хэсгийг нь нийлүүлэн эвлүүлсэн нэвтрүүлэг гаргасан нь
ил болсны дараа Их Британийн олон нийтийн радио, телевизийн корпорац болох BBC-гийн Ерөнхий захирал Тим Дэйви огцорлоо.
Уг нэвтрүүлгийг 2024 оны 10 дугаар сард нэвтрүүлжээ. BBC-гийн мэдээний албаны
дарга мөн огцорсон байна. Тус корпорацыг шүүмжлэгчид Газын зурвасын нөхцөл байдлын тухай гэх зэрэг мэдээллүүдтэй нь холбоотой олон тооны гомдлыг дурдаж, зүүний үзэл рүү хэлбийдэг гэж мэдэгдсээр иржээ. Д.Трамп
BBC-г шүүхэд өгнө гэдгээ баасан гаргийн орой мэдэгдсэн юм.
Сирийн удирдагч Цагаан ордонд айлчиллаа
Сирийн удирдагч
Ахмед аль-Шараа Цагаан ордонд айлчиллаа. Д.Трамптай хийсэн уулзалтын дараа
гарсан мэдэгдэлд, Сирид байсаар байгаа жихадуудын бүлэглэл болох “Лалын улс”-тай тэмцэх Америкийн тэргүүлсэн эвсэлд Сири нэгдэнэ гэдгийг зарласан юм. Сирийг сэргээн босгох ажлыг эрчимжүүлэх үүднээс Д.Трамп мөн тус улсад авсан зарим
хориг арга хэмжээг зургаан сарын хугацаагаар түр зогсооно гэж мэдэгдсэн байна.
Исламабадад амиа
золиослогч этгээд халдлага үйлджээ
Исламабад хотод
амиа золиослогч террорист тэсрэх төхөөрөг дэлбэлж, 12 хүний аминд хүрсэн нь
Пакистаны нийслэлд сүүлийн арван жилийн хугацаанд энгийн иргэдийн аминд хүрсэн анхны халдлага боллоо. Пакистаны Засгийн газар Афганистанаас үйл ажиллагаагаа явуулдаг
Пакистаны Талибан бүлэглэлийг халдлагад буруутгаж, террористуудыг Энэтхэгээс дэмжиж
байгаа гэж мэдэгдсэн бол Энэтхэгийн Гадаад хэргийн яам үүнийг үндэслэлгүй гэж мэдэгдсэн юм. Мөн зэвсэгт босогчид Пакистаны баруун хойд нутагт орших цэргийн
сургуульд халдлага үйлджээ. “Бид дайны байдалд байна” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд хэлсэн байна. Пакистаны Талибан бүлэглэл Афганистаны
нутгаас халдлагыг зохион байгуулж үйлдсэн гэх мэдээллийг Кабул дахь Талибаны засгийн газар няцаажээ.
Хятадын тал Японд
эсэргүүцэл илэрхийлжээ
Хятадаас Тайвань
руу хийх аливаа дайралт нь Японы үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг бөгөөд цэргийн хүчээр хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй гэж Японы шинэ Ерөнхий сайд Такаичи
Санаэ мэдэгдсэний дараа Хятадын тал албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ. Хятадын
төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг “асуудал үүсгэгч” гэж
тодорхойлсон байна. Осака хот дахь Хятадын консул нийгмийн сүлжээнд нийтэлсэн постондоо
Т.Санаэгийн толгойг тасдах хэрэгтэй хэмээн бичсэн боловч хожим нь постоо устгасан
байна.
В.Орбан Цагаан
ордонд айлчиллаа
Унгарын барууны популист Ерөнхий сайд Виктор Орбан Цагаан ордонд айлчилж, Оросын газрын
тосонд тавьсан Америкийн хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөх зөвшөөрөл авчээ. Унгар
улс нь Оросын эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай юм. В.Орбан хоригоос
чөлөөлөгдөхийн тулд Америкийн шингэрүүлсэн байгалийн хийг илүү ихээр худалдаж
авахаар тохиролцжээ.
Э.Имамоглуд 2352
жилийн ял оноохыг шаарджээ
Истанбул хотын
дарга Экрем Имамоглуд 2352 хүртэлх жилийн ял оноохыг шаардана гэж Туркийн
прокурорууд мэдэгджээ. Авлигын хэрэгт холбогдсон Э.Имамоглу нь шүүх хурал
болохоос өмнө цагдан хоригдож байгаа юм. Түүнийг дэмжигчид уг ялыг улс төрийн
зорилготой хэмээн үзэж байна. Э.Имамоглу бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип
Эрдоганы гол өрсөлдөгч юм. Түүнийг энэ оны гуравдугаар сард баривчилсны дараа
эсэргүүцлийн жагсаал болж, хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд унаж байлаа. Үүнээс
гадна Туркийн цэргийн тээврийн онгоц Гүржид осолдсоны улмаас 20 цэрэг амиа
алджээ.
“SoftBank” компани “Nvidia”-гийн хувьцаагаа заржээ
“SoftBank”
компани “Nvidia”-гийн бүх хувьцаагаа 5.8 тэрбум ам.доллароор зарлаа. Тус
компани хувьцааг худалдаж олсон мөнгийг “Stargate” төсөл болон Аризона муж
улсад 1 их наяд ам.долларын өртөг бүхий хиймэл оюун, робот техникийн төв зэрэг хиймэл оюуны салбар дахь бусад хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхэд ашиглах ажээ.
“Stargate”-ийн түнш болох “OpenAI”-д л гэхэд 30
тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна.
“Foxconn” компанийн орлого өсжээ
“Foxconn” компанийн хиймэл оюуны сервер болон дата
төвийн тоног төхөөрөмж үйлдвэрлэснээс олсон орлого нь хоёр дахь улиралдаа
дараалан “iPhone” гар утас угсрах зэрэг хэрэглээний электрон барааны бизнесийн орлогоос нь давсан байна. Тус компани
удахгүй “OpenAI”-тай гэрээ
байгуулснаа зарлана гэдгээ мэдэгджээ.
“Lukoil” компани хямралд оржээ
Оросын газрын тосны томоохон компани болох “Lukoil” гадаад дахь хөрөнгүүдээ Швейцарын “Gunvor”
группт зарах саналд нь Америк хориг тавьсны дараа хямралд оржээ. “Lukoil” нь Америкийн хориг арга хэмжээний улмаас гадаад дахь хөрөнгөө зарахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд энэ хориг арга хэмжээ 11 дүгээр сарын 21-нд
хүчин төгөлдөр болох юм. АНУ-ын Сангийн яам “Gunvor”-т уг хөрөнгийг ашиглах
зөвшөөрөл олгохгүй гэдгээ мэдэгдээд, нийгмийн сүлжээнд нийтэлсэн постдоо тус
компанийг "Кремлийн утсан хүүхэлдэй” гэж тодорхойлсон байна. Харин “Gunvor” уг
мэдэгдлийг "төөрөгдүүлэх зорилготой худал" хэмээн мэдэгджээ. “Lukoil”
одоо өөр худалдан авагч олох эс бөгөөс хөрөнгүүд нь бүртгэлээс хасагдахад хүрэх
ажээ.
Ирэх долоо хоногт болох гол үйл явдлууд
- НҮБ-ын
Суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал /COP30/ 11 дүгээр сарын 10-21-ний хооронд үргэлжилнэ
- “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний
уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад 11 дүгээр сарын 22-23-ны
өдрүүдэд болно
- Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн бага хурал Азербайжаны нийслэл Баку хотноо 11 дүгээр сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ
- ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн 11 дүгээр сарын 17-18-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно.
- Анагаах ухааны салбарын технологи,
эрүүл мэндийн тусламж үйлчилгээний инновацын томоохон үзэсгэлэн Германы
Дюссельдорф хотноо 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд болно
- Хиймэл оюун ухаан, технологийн “Microsoft
Ignite” бага хурал АНУ-ын
Сан-Франциско хотноо 11 дүгээр сарын 18-21-нд болно
- Дифлимпын наадам Японы нийслэл Токио хотноо 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд үргэлжилнэ
- “Формула-1” ангиллын авто уралдааны Лас-Вегасын Гран-При 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болно.
Ulaanbaatar