БАЯНХОНГОР: Нийт нутгаар сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-31 10:44:31

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийт нутгаар сэрүүсч, хээр тал болон говийн нутгаар салхи шуургатай байхыг холбогдох албанаас мэдээллээ.


31-нд уулархаг нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи нийт нутгаар 8-13 м/с байна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө -0-5 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө -5 градус хүйтнээс 0 градус дулаан, өдөртөө +12+17 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +7+9 градус, өдөртөө +16+21 градус дулаан байна.


Энэ долоо хоногт ихэнх нутгаар салхи шуургатай байх тул цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг аймгийн Онцгой байдлын газраас санууллаа.


Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,


Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,


Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мөн зөвлөж байна.

関連ニュース