БАЯНХОНГОР: Ойн сан бүхий газарт зорчихгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн дөрвөн сумын ойн сан бүхий газарт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт, Галуут, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 12.300 га талбай бүхий ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр "Ньюгрийн Форест" ХХК агаарын хөлгөөр гүйцэтгэсэн байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутгийн ойн санд энэ сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зорчихгүй байхыг холбогдох газраас анхааруулав.
Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг. Экологийн өндөр ач холбогдолтой манай орны экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь эдгээр ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл гэж үзэж буй.
Говь, тал хээр, хангай хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймгийн ойн сан нийт 820.681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.08 хувь нь юм. Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байна.