Гийум де Рубрукийн замаар 770 жилийн дараа Монголд аялсан Кристоф Эвэраэр
ТОЙМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гийум де Рубрукийн аяллын тэмдэглэлийг уншсан нэгэн бээр 770 жилийн дараа аяллын замаар нь Монголыг зорихоор зориг шулууджээ. Энэ хүн бол орчин үеийн Гийум де буюу Рубрук тосгоны оршин суугч Кристоф Эвэраэр юм.
Гийум де Рубрукийг эргэн дурсахуй
Өдгөөгөөс 770 жилийн өмнө буюу 1253 оны сүүлч, дүн өвлийн цагаар шашны номлогч Гийум де Рубрукаар ахлуулсан Францын ван IX Людовикийн элч нар Их Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэдний зорилго нь тухайн үед Ази төдийгүй Европ тивд хүч нөлөө нь тэлж байсан Их Монгол Улсын талаар газар дээр нь тандан судлаж, мэдээлэл цуглуулах, Монголын их хаанд бараалхаж Францын вангийн мэндийг уламжилж, улмаар Монгол нутагт христийн шашныг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах байв.
Гийум де Рубрук нарыг 1254 оны эхээр Их Монгол Улсын хаан Мөнх хүлээн авч уулзжээ. Их хааны дэргэд болон улмаар тухайн үед дэлхийн нийслэл гэгдэж байсан Их Монгол Улсын нийслэл хот Хархорум хотод 8 сар орчим амьдарсан Гийум де Рубрук энэ аяллынхаа тухай 1255 онд нутагтаа буцаж очоод Францын ван IX Людовикт аяллын тайлан байдлаар дэлгэрэнгүй бичиж өргөн барьсан нь хожмоо “Дорно этгээдэд зорчсон минь” ном болон дэлхий дахинаа түгсэн юм. XIII зууны монголчуудын аж байдал, амьдрал, ёс заншил, уламжлалын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн тус ном хожмоо Дорно дахины түүхийн талаарх чухал эх сурвалж болсон бөгөөд ач холбогдлоороо Марко Пологийн номтой эн тэнцүү үнэлэгддэг юм.
Гийум де Рубрукийн Европоос Хархорумд ирж, буцсан замын маршрут. 1253-1255 он.
Нөгөө талаар Гийум де Рубрук бол Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын талаар хамгийн анх дэлгэрэнгүй бичиж үлдээсэн хүн билээ. Чухамхүү түүний бичсэнээр Хархорум хот нь тухайн үеийн өрнө, дорныг холбосон улс төр, эдийн засгийн гол төв, дипломат харилцаа хийгээд худалдаа арилжааны хамгийн том төвлөрөл болдог газар төдийгүй дамжин өнгөрөх стратегийн чухал ач холбогдолтой зам байсан гэдэг нь тодорч үлдсэн юм.
Мөн дэлхийн олон үндэстэн, олон шашинтан энх тайванчаар зэрэгцэн оршдог Хархорум хот дахь их хааны өргөөний үүдэнд орой дээрээ бүрээ үлээж буй сахиусан тэнгэр бүхий асар том мөнгөн модтой, түүний дөрвөн талын амсраас айраг, дарс, шар айраг, балын ундаа гоождог байсан төдийгүй тэрхүү гайхамшигт мөнгөн модыг Парисаас ирсэн Вильгельм Бушье хэмээх алдарт дархан хүн урлан бүтээсэн тухай Гийум де Рубрук бичиж үлдээсэн бөгөөд археологичид өнөөдөр ч тэрхүү мөнгөн модыг хайсаар байгаа билээ.
Орчин үеийн Гийум де буюу Рубрук тосгоны элч Кристоф Эвэраэр
Энэхүү Францын ван IX Людовикийн элч санваартан Гийум де Рубрук бол Францын хойд нутгийн Фландр мужийн Рубрук тосгоны уугуул хүн байжээ. Нэг ёсондоо тэрбээр Рубрук тосгонд төрсөн учраас Рубрукийн Гийум де нэрийг авчээ. Гийум де Рубрук одоо ч Рубрук тосгоныхны нэгэн бахархал ажээ. Францын хойд нутгийнхан бусдаас онцгой, алдартай хүмүүсээ 3 метр өндөр аварга биетний дүрээр бүтээж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай, “Үлэмж биетнүүдийн баяр” хүртэл хийдэг юм байна. Гийум де Рубрукийг ч тосгоныхон нь аварга хүний дүртэй бүтээсэн байдаг ажээ.
Гийум де Рубрук тосгондоо ийм л алдартай учраас түүний аяллын тэмдэглэлийг уншсан нэгэн бээр 770 жилийн дараа аяллын замаар нь Монголыг зорихоор зориг шулууджээ. Энэ хүн бол орчин үеийн Гийум де буюу Рубрук тосгоны оршин суугч Кристоф Эвэраэр (Christophe Everaere) юм.
Гийум де Рубрук явган болон мориор замаа туулж Монголд ирсэн бол Кристоф Эвэраэр унадаг дугуйгаар Монголыг зорьжээ. Тэрбээр унадаг дугуйгаар Төв Азийн нутгийг буюу Казахстан, Узбекстан, Тажикстан, Киргиз, Оросын нутгаар нийт 5000 гаруй км-ийг туулж, 2023 оны 7 дугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Түүнийг Гийум де Рубрукийн замаар Монголд хийсэн аяллаа дуусгаад Австрали улс руу явахын өмнөхөн Улаанбаатар хотод уулзаж ярилцав. Бидний ярилцлагыг Монгол, Францын Найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Гийум де Рубрукийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Сити” их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг орчуулж тусаллаа.
“Гийум де Рубрук бид хоёр бол нэг тосгоноос гаралтай, түүнийг бидний өвөг дээдэс гэж болно. Тэр үед монголчууд дэлхийг байлдан дагуулж байсан. Тиймээс Рубрук монголчуудын байр байдлыг тандах зорилготой ирсэн байх. Аяллынхаа тэмдэглэлд тухайн үеийн Монголын эзэнт гүрэн, Чингис хааны залгамжлагчид, ард түмний амьдрал, аж байдлын талаар хамгийн нарийн нандин бүхнийг дэлгэрэнгүй бичиж түүхэнд үлдээсэн хүн. Үүгээр нь би бахархдаг. Монгол руу аялья гэдэг нь миний хувийн санаачилга байсан, үүнийг тосгоны удирдлага, Гийум де Рубрукийн холбоо дэмжсэн. Хамгийн гол нь хоёр ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зорилготой юм. Аяллын анхны санаа Рубрукийн аян замын тэмдэглэл номыг уншсанаас үүдэлтэй. Нөгөө талаар Рубрукт монголчууд жил бүр наадам, соёлын арга хэмжээ зохиодог, тэр үеэр олон монголчууд ирдэг. Үүнийг хараад “Энд ингэж олноороо монголчууд ирж байхад яагаад Францаас Монгол руу хүн очиж болохгүй гэж?” бодсон. Ингээд аяллаа амжилттай хийж, зорьсон Монголдоо ирлээ. Энэ аялал маань нэг өнцөгөөс нь харвал Францаас Монголд, Азид нэг европ хүн ирсэн хэрэг. Хоёрдугаарт, Гийум де Рубрукийн замаар явчихлаа. Гуравдугаарт, хоёр орны хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмрээ орууллаа гэж бодож байна. Одоо би эндээс Австрали улс руу ниснэ / Кристоф Эвэраэр наймдугаар сарын 2-нд Австрали руу ниссэн юм/. Тэнд очоод Пёрт хотоос Седней хүртэл 4000 км дугуйгаар аялна. Энэ мэтээр дугуйгаар дэлхийг тойрон аялах зорилготой” хэмээн тэрбээр ярилцлагаа эхэлсэн юм.
Кристоф Эвэраэрийн аяллын түүх
Тэрбээр Гийум де Рубрукийн замаарх аяллаа хоёр үе шаттай хийжээ. Анх 2021 онд буюу 2 жилийн өмнө энэ аяллаа эхлүүлсэн байна. Тэр үед дэлхий даяар Ковид-19 цар тахалд нэрвэгдчихсэн, улс орнуудын ихэнх нь хил гаалиа хаасан хэвээр байв. Гэвч Кристоф төрөлх Рубрук тосгоноосоо аяллаа эхлүүлж, дугуйгаа унаад гарчээ. Францаас Герман, Австри, Словени, Хорват, Серб, Болгарыг дамжаад Туркт ирсэн аж. Харамсалтай нь Туркт ирээд аялал нь түр завсарлахаас аргагүй байдалд хүрчээ. Тэрбээр Туркаас Гүржийн хилийг дайран явах төлөвлөгөөтэй байсан ч хилийн цэргүүд түүнийг саатуулаад “Та Гүржийн хил рүү хууль бусаар нэвтрэх болоод байна. Ингэж болохгүй. Танд хоёр л зам байна. Та нэг бол буцаад гэртээ харь. Эсвэл энд шоронд орно” гэсэн байна. Ингээд Гүржийн хил дээрээс гэртээ буцжээ.
Кристоф нэрт аялагч Рубруктай яг адилхан нэг ажил хийж байгаа нь аян замын тэмдэглэлийн ном юм. Тэрбээр хоёр дахь аяллынхаа замд гарах таатай мөчийг хүлээх зуур эхний аяллынхаа тэмдэглэлээр “Рубрукийн Кристоф. Фландраас Кавказ хүртэл дугуйгаар аялсан нь: Ковидын үе дэх Европ болон Туркэд хийсэн 5000 км-ийн аялал” номоо гаргажээ.
Хоёр дахь удаагийн аялалдаа тэрбээр 2023 оны 4 дүгээр сарын 23-нд гарчээ. Өмнө нь дугуйгаар нэгэнт Европын орнуудыг туулчихсан учраас Францаас онгоцонд дугуйгаа ачаад Казахстаны Актау хотод буусан байна. Өөрөөр хэлбэл, энэ удаа аяллаа цаашид үргэлжлүүлэх газраа шууд онгоцоор ирсэн хэрэг. Ингээд Актаугаас дугуйгаа унаад аялалдаа гарчээ. Казахстан, Узбекстан, Тажикстан, Киргиз, дахиад Казахстан, Оросын нутгаар гэсэн маршрутаар дахин 5000 гаруй км яваад 2023 оны 7 дугаар сарын 10-дын үед Ташанта-Цагааннуурын боомтоор хил нэвтрэн Монголд орж ирсэн байна.
Кристоф Эвэраэрийн аяллын зам. 2023 он.
“Миний дугуйны ачааны нийт жин 60 кг орчим болдог байсан. Нэг жижигхэн майхантай, бас замдаа уух ус, хоол унд, сольж өмсөх хувцас зэрэг ойр зуурын ачаанууд гэсэн үг. Зам зуур суурин газар тааралдвал буудал юм уу кафед хонохыг бодно. Ихэндээ мини майхандаа хээр хонож явсан. Зам зуур их юм үзсэн дээ, тэсэхийн аргагүй халуун, зүсэрсэн хүйтэн бороо, хүйтэн өдөр, хүйтэн шөнө, шавар шалбааг гээд хэцүү бүгдийг туулсан. Дугуй маань олон удаа эвдэрч гэмтсэн, засаж, засуулж явсаар байгаад Монголд орж ирлээ. Аяллын зам дагуух содон сонин бүхний зургийг гар утсаараа авч, бичлэг хийж явсан. Гар утас маань таблеттэй холбоотой болохоор бүх зураг, бичлэг маань таблет дээр хадгалагддаг. Монголын тухай номоо гаргахдаа энэ зургуудаасаа сонгож оруулна”. Тэр ийнхүү явсан замынхаа сонин сайхнаас хуваалцав. Ийнхүү хоёр удаагийн аяллаараа нийт 10 мянган км замыг 6 сарын хугацаанд унадаг дугуйгаар туулж тэрбээр зорьсон газар Монголдоо иржээ.
“Монголын хилээр орж ирээд орьсон зорилгоо биелүүлсэндээ маш их баярлаж хөөрсөн дөө. Тэгээд Цагааннуураасаа Өлгий хот орж, тэндээсээ Ховд хотод ирсэн. Харин Ховд хотоосоо Хятад-Монголын хил дээр байдаг Ховдын Булган суманд очсон юм. Энд очсон минь их учиртай. Манай Рубрук тосгон Ховд аймгийн Булган сумтай ах дүүгийн найрамдалт харилцаатай олон жил болж байгаа юм. Рубрук тосгоноо төлөөлж тэнд очих тодорхой шалтгаан надад байсан бөгөөд тосгоноосоо авч гарсан царс модныхоо үрийг Ховдын Булган сумын удирдлагуудад хүлээлгэж өгсөн. Францаас гарахдаа дөнгөж үндэслэж байсан царс модны үр маань аяллын гурван сарын хугацаанд нахиалж томорсон ч эрүүл мэнд нь жаахан муудсан. Тиймээс үрийг эхлээд цэцгийн саванд суулгаж үндэслүүлээд, хангалттай ургасных нь дараа цэцэрлэгт суулгахаар болсон. Ирээдүйд ургаж сайхан мод болох байх аа. Тосгоныхоо найрамдлын элч болж, үүрэг даалгаврыг биелүүлэн, хамтын ажиллаганы бэлгэдэл болсон жижигхэн модыг авчирч өгсөндөө маш их баяртай байна. Булган суманд дөрвөн өдөр болсон. Нутаг орны байдалтай танилцахын зэрэгцээ сум дахь орон нутгийн музейг нь үзсэн. Тэнд манай Рубрук тосгонтой холбоотой бичиг баримт, дурсгалууд бүхий нэг булан гаргаж, тохижуулсан байгаа нь сайхан санагдсан” хэмээн түүний яриа үргэлжлэв.
Кристоф Эвэраэр 2023 оны 7 дугаар сарын 14-нд буюу яг Францын үндэсний баярын өдрөөр Булган суманд ирж, тосгоны захиргааны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, орон нутгийн музей үзэх зэргээр 4 өдрийг өнгөрөөгөөд Улаанбаатарыг зорьжээ. Ховдын Булганаас Улаанбаатар хүртэл автобусаар 30 цаг явж ирснээ ч сонирхуулав.
Хархорумын мөнгөн модноос Ховдын Булганд ургах царс мод хүртэл
Гийум де Рубрукийг Хархорумд ирэхэд тэнд мөнгөн мод байсан тухай аяллын тэмдэглэлд нь бий. Гийум де Рубрукийн замаар Монголыг зорьсон Кристоф Рубрук нутгаасаа царс модны үр авч замд гарчээ.
Нарийн учир холбогдолтой ч юм шиг. Хархорумыг мөнгөн мод чимж байв. Тэрхүү мөнгөн модыг урлаач нь франц дархан байв. Харин 800 шахам жилийн дараа Ховдын Булганд Францын хойд нутгаас авчирсан царс ургах нь. Энэ талаар буюу мөнгөн мод, царс хоёрын түүхэн ач холбогдлыг бодож аяллын замд гарахдаа мод сонгосон эсэхийг түүнээс сонирхвол,
-Яг үнэндээ би анх тосгоноосоо царс модны үр авч гарахдаа ийм нарийн юмыг бодоогүй. Хоёр тосгоны найрамдлыг бэхэлсэн мод байх нь илүү зохимжтой юм байна гэдэг байдлаар л хандсан. Одоо бодоод байсан чинь сонирхолтой давхцал болчихсон юм шиг. Магадгүй, далдын нөлөөлөл байсан байхыг үгүйсгэхгүй байна. Мод бол зүгээр л мод биш шүү дээ. Ургаж, цэцэглэх бэлгэдэлтэй. Миний авчирсан царс модны үрийг одоогоор цэцгийн саванд суулгасан байгаа ч удахгүй цэцэрлэгт ургаж найрамдлын мод болох байх аа гэв.Ямартай ч Хархорумын мөнгөн модноос Ховдын Булганд ургах царс мод хүртэлх түүхийг Гийум де Рубрукийн нутаг нэгтэн Кристоф Эвэраэр бүтээж явна.
Рубрук Монголд ирсний ул мөр байна уу?
Кристоф Эвэраэр Ховдын Булганаас Улаанбаатарт ирж 4 өдөр болоод Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явж, тэнд мөн 4 өдөр болжээ. Гийум де Рубрукийн аяллын тэмдэглэлдээ бичиж үлдээсэн Хархорум хотоос өнөөдөр юу үлдэж вэ гэдгийг харахаар очсон байна.
-Хархорум хотын туурь дээр боссон Эрдэнэзуу хийд, түүний 108 суварга маш гоё санагдсан. Тэнд байгуулсан “Хархорум музей”-г хоёр ч удаа үзлээ. Музейн тайлбарыг монгол төдийгүй англи хэлээр бичсэн нь надад олон мэдээллийг мэдэж авахад дөхөм байлаа. Тэндээс Чингис хаан хийгээд түүний залгамжлагчдын талаар их зүйл мэдэж авлаа. Тэр тусмаа Рубрукийг Хархорумд ирэхэд байсан Мөнх хааны талаар их мэдээлэл авч, тухайн үед иймэрхүү нөхцөл байдалтай байжээ гэдгийг дотоод сэтгэлдээ төсөөлж, тодорхой ойлголт авсан. Япон, Хятад, Казахстан, Франц зэрэг олон улсын археологичдын баг тэнд ажиллаж, хотын үлдэгдлээс сонирхолтой дурсгалуудыг илрүүлсээр байгаа юм байна. Харамсалтай нь Рубрук Хархорумд ирсэн гэдгийг баталж гэрчлэх юу ч олж чадаагүй. Уг нь тэр Хархорум хотын талаарх анх бичиж үлдээсэн хүн шүү дээ..хэмээн тэрбээр гунигтай хэлэв.
Гийум де Рубрук бол үнэхээр Хархорум хотын тухай хамгийн анх, хамгийн тодорхой бичиж үлдээсэн хүн билээ. Түүний “Дорно эдгээдэд зорчсон минь” номыг монгол хэлээр 1988 онд анх хэвлэж гаргаж байжээ. Улмаар нэрт орчуулагч Т.Төмөрхүлэг франц хэлээс дахин орчуулж, сүүлд хоёронтоо хэвлүүлсэн юм. Гийум де Рубрукийн холбоо ойрын үед санаачилга гаргаж, Рубрукийн номуудыг “Хархорум музей”-д өгөхөөр тогтов. Хожим нь сураглахад, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1996 онд Франц улсад айлчлах үеэрээ Рубрук тосгонд зочилж, тэнд Рубрукийн музейн нээлтэд оролцжээ. Тэр үеэр П.Очирбат гуайд тосгоныхон Рубрукийн хөргийг бэлэглэсний эх хуулбарыг 2020 онд “Хархорум музейд” хүлээлгэж өгсөн юм байна. Музейн үзмэр байнга солигдож байдаг болохоор тус хөргийг үзмэр болгоогүй үе таарсан бололтой.
Ер нь Кристоф Эвэраэр Монголын хилээр орж ирсэн цагаасаа хойш буюу Ховдод ч, Хархоринд ч “Үүгээр Гийум де Рубрук яваад өнгөрсөн шүү” гэдгийг батлах баримт, ул мөр хайж явжээ. Тиймээс орчуулагч Т.Алтанцэцэг тайлбар хийв. Түүний удирдлагад нь ажилладаг Гийум де Рубрукийн холбооноос 10-аад жилийн өмнөөс Рубрукийн хөшөө барих ажлыг хөөцөлдөж байгаа аж. Рубрук тосгон-Ховдын Булган-Хархорум музейд гэсэн утгын гурвалжин хөшөө байгуулахаар тогтож, Монголын Архитекторуудын Эвлэлтэй хамтран уралдаан зарлаж, загварыг шалгаруулан Францын тал, Ховд аймгийн Булган сум, Хархорум музейн удирдлагад танилцуулаад зөвшөөрчихсөн байгаа аж. Бүр Ховдын Булганыхан тодорхой санхүүжилтыг гаргасан байна. Хөшөөны ажил ийнхүү урагштай яваа, ирэх 2024 онд тохиох Ховд аймгийн Булган сум-Францын Рубрук тосгоны хамтын ажиллагааны 30 жилийн ойгоор дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэгэхээр удахгүй Рубрук Монголд, Хархорумд ирснийг баталж гэрчлэх зүйлтэй болно гэсэн үг. Магадгүй Кристоф Эвэраэр Монголд дахин ирвэл Рубрукийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх биз ээ.
Аялагч Кристоф Эвэраэр, орчуулагч, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга,
Гийум де Рубрукийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Алтанцэцэг нар
“Гийум де Рубрукийн замаар: Төв Азиас Монгол хүртэл 5000 км аялсан нь” ном гаргана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, олон орны иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлээд байгаа билээ. Кристоф энэ хүрээнд Монголд ирэхдээ визгүй иржээ. Францын иргэдэд 1 сарын дотор зочлоход визгүй болсон гэнэ. Ийнхүү хүмүүсийн харилцаа тасралтгүй урсаж байхын чухлыг тэрбээр онцлов.
“Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа. Дэлхийд байгалиа унаган төрхөөр нь хадгалж байгаа цөөхөн улсын нэг нь Монгол юм байна. Байгальдаа хор хөнөөл бага учруулсан, тиймээс унаган, онгоноороо одоог хүртэл хадгалж чаджээ. Хэрвээ би 2000 жилийн өмнө Монголд ирсэн бол өнөөдрийн зам л жаахан өөр байх байсан биз. Энэ бол үнэхээр гайхамшиг шүү. Бас нэг сэтгэл татсан зүйл нь Төв Ази болон Монголд аялж явахад хаа ч очсон намайг нутгийн иргэд зочломтгой, найрсаг зангаар угтан авч байсан. Хүмүүс үргэлж над руу ирж, хоол хүнс, ус, заримдаа бүр гуйгаагүй байхад мөнгө хүртэл өгч тусалж байсан. Энэ бүхэн миний сэтгэлийн утсыг хөндөж, аяллын минь зорилгыг утгатай учиртай болгож байлаа”. Тэр Монголд аялаад монголчуудын талаар ийм сэтгэгдэлтэй буцаж байна.
Эцэст нь тэрбээр 2 дахь аяллынхаа тухай буюу Монголд ирсэн тухай номоо бичээд үндсэндээ дууссан гэдгээ хэлэв. Эхний номыг хэвлэсэн хэвлэлийн газар нь ойрын үед хэвлэх ажилдаа орохоор болжээ. Номын маань нэр “Гийум де Рубрукийн замаар: Төв Азиас Монгол хүртэл 5000 км аялсан нь”. Нийт 150 хуудастай, 50 зураг оруулахаар төлөвлөжээ. Францад буцаж очоод номоо гаргах гэнэ. Энэхүү номдоо “Монголыг сурталчилсан, дандаа сайн сайхан зүйлсийг бичиж байгаа” гэдгээ онцлов. Тус номыг монгол хэл рүү Т.Алтанцэцэг орчуулж гаргахаар болов.
Ховд аймгийн Булган сум, Францын Рубрук тосгоны харилцаа
Ховд аймгийн Булган сум, Францын Рубрук тосгон 1994 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Рубрук тосгон руу орох хаалга дээр “Монгол Улсын Ховд аймгийн Булган сумтай ах дүүгийн найрамдалт харилцаатай” хэмээн бичсэн байдаг байна.
Анх 1980-аад оны сүүлчээр Францын Страусбургийн их сургуулийн судлаач Рене, Клейр Кепплер (Claire Kappler, Renй Kappler) нар оюутнуудынхаа хамт Гийум де Рубрукийг судалж эхэлсэн байна. Тэд Рубрукийн аян замын тэмдэглэлийн номыг латин хэлнээс франц хэл рүү орчуулж гаргажээ. Судалгаа цааш үргэлжилж, улмаар Монголтой холбогджээ. Ингээд 1990 онд “Гийум де Рубрукийн замаар” аялал зохион байгуулж, Рубрук тосгоны хэдэн хүн Ховд аймгийнн Булган суманд ирж, тэндээсээ Хархорин хүртэл морин аялал хийсэн байна. Энэ үеэс Булган сум, Рубрук тосгоны хамтын ажиллагаа эхэлж, 1994 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. 2024 онд энэхүү хамтын ажиллагааны 30 жилийн ойг тэмдэглэх юм байна.
Рубрукийн музей
Бүгд Найрамдах Франц Улсын Франдр мужийн Рубрук тосгон дахь Рубрукийн музей нь 1996 онд нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1996 онд БНФУ-д айлчлах үеэрээ Рубрук тосгонд зочилж, тус музейн нээлтэд оролцон монгол эмээл бэлэглэж байжээ.
Гадна ханандаа илжиг унасан Гийум де Рубрукийг дүрсэлсэн, 2 давхар байшинтай тус тузей нь Франц дахь цорын ганц монгол музей бөгөөд Рубрукийн Монголд аялсан түүх, монгол ахуй, соёлд холбогдох эд өлгийн зүйлсийг гол үзмэр болгожээ. Музей 4-9 дүгээр сард буюу зуны улиралд ажилладаг байна.
Гийум де Рубрукийн холбоо
Монгол, Франц иргэд хамтран байгуулсан Гийум де Рубрукийн холбоо нь хоёр орны хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг. Тус холбооныхон Рубрукийн музейг хариуцаж ажиллуулахын зэрэгцээ музейн дэргэд 2 монгол гэрт соёлын үйл ажиллагаа явуулдаг. Мөн Рубрук тосгонд монгол наадам, Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж хэвшжээ.
Гийум де Рубрукийн холбоо нь Рубрук тосгонтой хамтран 2005 оноос Ховд аймгийн Булган суманд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайг шинэчилж, сумын 2 дунд сургуулийн тус бүр нэг ангийг Гийум дэ Рубрукийн нэрэмжит болгон тохижуулжээ. Мөн суманд гүний 2 худаг гаргаж, Эко жорлон төсөл хэрэгжүүлсэн байна. Ховд аймгийн ЗДТГ-ын хүсэлтийн дагуу тус холбооны санаачлан хэрэгжүүлсэн Эко жорлон төслийг нийт сумдын хэмжээнд /300-400 хуурай жорлон/ өргөжүүлжээ.