Наймдугаар сарын эхээр ихэнх нутгаар 30 градусыг давж хална

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-08-01 07:24:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2023 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.  


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор Олон жилийн дундаж /ОЖД/ нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дунджийг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.


Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр)


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.  


Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур энэ сард нийт нутгаар ОЖД-аас дулаан байна. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С–аар сэрүүн байх эь. Хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөв гарчээ. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангайн нутгаар энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар сэрүүхэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар. Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим гэж гарчээ. Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар хүйтэн байх нь. Хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн зарим үеүд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.


Говийн аймгуудын нутгаар. Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Дорноговийн зүүн хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар 30 градусыг давж халах төлөвтэй байгаа аж. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар сэрүүн байна. Хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.


Зөвлөмж

Наймдугаар сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна. Харин төв болон зүүн зүгийн нутгаар ОЖД-ийн орчим, ялангуяа зүүн аймгуудын нутгаар бороо хур ихтэй, сэрүүвтэр байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн 8 дугаар сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдах, төв болон зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орох магадлал өндөр байгаа тул малчид тариаланчид төмс хүнсний ногоог хамгаалах арга хэмжээг эртнээс авахыг онцгойлон анхааруулж байна.

 

Уур амьсгалын тойм

Агаарын температурын ОЖД нь 8 дугаар сард Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг. Тухайлбал энэ сарын агаарын ОЖД температур 2001-2002, 2005-2008, 2011, 2015, 2016, 2018 онуудад ОЖД-аас 1-3°С-аар дулаан байжээ. Тодруулбал өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 36-40°С хүрч халсан. Харин 1980–1999 онуудад ОЖД-аас хүйтэн жилүүд үргэлжилж байсан бол 2003, 2004, 2010, 2012, 2017 онууд болон 2020, 2021, 2022 онуудад ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байсан хэмээн тэмдэглэгджээ.

 

Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60-100 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр сарын нийлбэр хур танадас ОЖД-аар 0-20 мм, бусад нутгаар 20-60 мм хур тунадас ордог. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980–1984, 1987, 1988, 1990–1995, 1998, 2000, 2007, 2012, 2013, 2017, 2018, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас оржээ.Тэгвэл 2001, 2002, 2004, 2006, 2008, 2011, 2014, 2016, 2019 онууд харьцангуй бага хур тунадастай байсан байна.

関連ニュース