"Нью-Йорк таймс" сонинд 111 жилийн өмнө гарсан Монголын тухай нэгэн мэдээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-28 19:59:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өдгөөгөөс 111 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын "Нью-Йорк таймс" сонинд Монголын тусгаар тогтнолын талаар нэгэн товч мэдээ гарчээ. 


Маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан эл товч мэдээг доктор М.Саруул-Эрдэнийн орчуулснаар сонирхуулж байна.


Орос улс Монгол, Туркестаныг өөртөө нэгтгэх гэж байна


"Нью-Йорк Таймс"
Бээжин. Пүрэв гараг. 1911 оны 12 сарын 28. Шөнийн 02 цаг 26 минут.

Хятадтай газар нутгийн хувьд бараг адил хэмжээний Монгол маргааш тусгаар тогтнолоо зарлах гэж буй бөгөөд үүнтэй зэрэгцээд Хятадаас Туркестаны өргөн уудам харьяат нутаг нь салж байна. Аль аль нь Оросын нөлөөн дор салан тогтнох ба үнэн хэрэгтээ Оросын протекторат (ивээл, хамгаалал доорх улс) болох юм. Орос тэднийг өөртөө нэгтгэхэд хэзээд бэлэн болж байгаа хэрэг.

Их хаан (Богд) Монгол Улсын Эзэн хаанаар өргөмжлөгдөнө. Орос улсын Хятадаас удтал зөвшөөрөл эрэлхийлж асан Транс-Монголын төмөр замын бүтээн байгуулалт тэгэхээр одоо цаг хугацааны л асуудал болж байгаа бөгөөд энэ нь Европ Бээжин рүү гурваас дөрвөн хоногоор илүү ойртох болно гэсэн үг.

Оросын нөлөө Манжуур дахь Японы мэдлийн хэсэгтэй эгзэгтэйгээр шууд хиллэх болж байна. Японы эвсэл ашиг сонирхлоо хадгалахаар эрт орой, нэгэн цагт хөдлөх нь тодорхой. Оросын Засгийн газар нь биш юм аа гэхэд офицер, албан тушаалтнууд нь Монгол дахь энэ үйл явдалд нөлөөлсөн байх учиртай.

関連ニュース