Эх орноо, хотоо сурталчлан таниулах үүргээ хэрэгжүүлэхийг хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2021 оны эхний гурван улирлын байдлаарх үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцууллаа.
Тус газрын дарга Ж.Дамдинцэрэн, “Нийслэлийн Соёл, урлагийн газар нь Нийслэлийн Номын сан, Соёлын төв өргөө, Улаанбаатар театр, Хотын номын сан гэхчлэн 11 харьяа байгууллагатай. Соёл болон урлагийн гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд байдаг түүх, соёлын дурсгалуудыг манай байгууллага хариуцан ажилладаг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт түүх, соёлын газрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахаар заасан байдаг. Энэ хүрээнд Археологийн хүрээлэнтэй хамтран Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийсэн. Энэ ажил ирэх онд мөн үргэлжилнэ. Судлаад өнгөрөх бус ил музей буюу эко музейг байгуулахаар зорьж байгаа” хэмээв.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн хэмжээнд яаралтай сэргээн засварлах түүх, соёлын дурсгалуудын жагсаалтыг гаргасан байна. Улаанбаатар хотын музейн ажилчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаас эхлээд анхааралдаа авч шийдэх асуудал цөөнгүй байдгийг мөн тодотгов. Улсын болон нийслэлийн хамгаалалтад авах дурсгалуудын жагсаалтыг гаргаж, соёлын өвийг авран хамгаалахад зориулж тодорхой төсөв гаргах саналыг хэлж байлаа. Түүх, соёлын өвийг эзэнтэй болгох, сэргээн засахаар хувийн хэвшлийн байгууллагуудтай ярилцаж буй аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Нийслэлийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, авран хамгаалахад санаачилгатай ажиллах хэрэгтэй. Соёл урлагийнхан та бүхэн бол үндэсний өв соёлыг тээгч нар юм шүү. Тиймээс эх орноо, хотоо сурталчлан таниулах үүрэг та бүхнийх. Австрийн Венийн театртай хамтран ажиллах эхлэл тавигдаад маш удаж байна. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч, гадаадын жуулчдыг татах бүхий л боломжийг судлаарай" гэв.