Үндэсний бичиг үсгийн баярыг Дорнод аймагт тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг Дорнодынхон урьд урьдиас өргөн тэмдэглэлээ.
Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын сангийн урд талбайд болсон нээлтэд аймгийн удирдлагуудаас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын Монгол хэл, бичгийн асуудал хариуцсан ахлах шинжээч С.Чулуунпүрэв, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Д.Ганбаатар нар оролцлоо. Мөн тус аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Н.Баярт тэргүүтэй өвөрлөгч ахан дүүс маань “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг хуваалцсан нь ач холбогдлыг нь улам өргөж өгөв.
Баярын үеэр “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэн дэлгэгдэж, Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, иргэд олон нийт үзэж сонирхлоо. -Аливаа улс үндэстний оршин тогтнох тулгын гурван чулуу бол монгол хэл бичиг, түүх соёл, ёс уламжлал байдаг. Даяаршуулж болдоггүй, улс төржүүлж болдоггүй зүйл бол бидний бичиг соёл юм гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрыг төлөөлж оролцсон С.Чулуунпүрэв үгийнхээ эхэнд онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар энэ хүрээнд Монгол Улс гадаадад явуулж байгаа албан бичгээ монгол бичгээр явуулж байгаагаас гадна боловсролын байгууллагын бүх шатны гэрчилгээ, диплом, төрсний болон гэрлэсний гэрчилгээг монгол бичгээр бичиж хэвшлээ гэж байв.
Монгол хэлний тухай хуулиар 2025 оноос эхлэн үндэсний бичгээрээ төрийн албан харилцаа явна. Ингэснээр Монгол Улс хос бичигтэн болох бөгөөд энэ их ажил Дорнод аймгаас эхэллээ. Үндэсний монгол бичгээр гардаг цорын ганц хэвлэл “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа энд хэлсэн үгэндээ, Монгол орон нар зөвийн орон. Хамгийн эхэлж нар манддаг Дорнод нутгаас энэ үйлсийг эхлүүлж байгаа нь бэлгэдлийн хэрэг гээд энэ нутгаас жанжин Сүхбаатарын номын багш Жамъян гүн, “Оюун билгийн соёрхол” хэмээх хэл зүйн ном бичсэн хэцүү То ван Тогтохтөр ноён, Төрийн гурван удаагийн шагналт, Академич Цэндийн Дамдинсүрэн, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким, ахмад багш Г.Цэрэндаш, энэ цагийн Дорнод нутгийн монгол бичгийн зүтгэлтнүүдийн түүчээ болж яваа Ж.Зоригтбаатар багш гэхчлэн энэ нутгаас олон сайн бичгийн зүтгэлтнүүдийг төрүүлсэн бахархалтай ард түмэн юм гэдгийг онцлон дурдав.
Монгол хэлний тухай хууль гарснаар монгол бичгийг зах зээлийн эргэлтэнд оруулж өгсөн түүхэн шийдвэртэй хууль болж захиргаадуулж сурах биш хэрэгцээ шаардлагаар сурах болж байна. Дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг монгол бичгээр, сургуулиа төгсөөд төрийн албанд ороход ч монгол бичгээр шалгалт өгөх болж байгааг дурдсан нь энд цугласан олон залууст нэгийг бодуулсан нь лавтай.
Б.Туяа