Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн утга зохиолын дүрийн бүтцэд шинэчлэл хийснийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-07 18:36:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн гурван удаагийн шагналт, ХХ зууны манлай эрдэмтэн, Монгол Улсын ууган ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний  хурал өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд болов. 

Хуралд төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном, Д.Төмөртогтоо, Монгол Улсын СГЗ Д.Цэдэв,  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн доктор Окада Казиюүки, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн доктор Яхонтова Наталья Сергеевна тэргүүтэй гадаад дотоодын нэрт эрдэмтэн судлаачид оролцлоо.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан академич Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж олон нийтэд танилцуулсан юм.



"Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Цэндийн Дамдинсүрэн бол орчин цагийн соёл боловсролыг олон мянган жилийн уламжлалт соёлтой зохистойгоор хослуулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан шинэ цагийн шилдэг сэхээтний нэг, эгнэгт дурсагдах их эрдэмтэн.Монголын орчин цагийн уран зохиолын анхны тууж болох “Гологдсон хүүхэн” бүтээл нь уран зохиолд эгэл жирийн хүний дүрийг анхлан оруулж уламжлалт утга зохиолын дүрслэлийн арга, дүрийн бүтцэд шинэчлэл хийсэн. Түүнчлэн А.С.Пушкины “Үүл”, “Хүрэл хөшөө”, “Полтав”, “Омтгойрон гудамжны үймээнд явагч”, “Алтан загасны үлгэр”, “Олег сэцний дуулал”, М.Лермонтовын “Далбаа”, Оросын туульсийн их найраглал “Игорын хорооны тууж”, унгарын Ш.Пөтөөфийн “Сүв бүгдээр шургаж”, чехийн Ян Нерудагийн “Зүүн зүгээс гэгээрлээ”, төвд хэлнээс монгол хэлнээ “Янагийн дуулал”, санскрит, төвд хэлнээс “Үүлэн элч” /эхний зургаан бадаг/ зэрэг, өрнө дорнын олон хэлний уран зохиолын бүтээл орчуулсан. Энэ мэтчилэн олон тооны орчуулга хийсний дээр Ц.Дамдинсүрэн нь шинэ үеийн уран сайхны орчуулгын туршлагыг бий болгосон төдийгүй орчуулгын онолыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан нь Монголын орчуулгын түүхэнд онцгой байр эзэлдэг. Мөн тэрээр  “Монголын нууц товчоо”-г өргөн олон уншигчдад танилцуулах зорилгоор утгыг алдахгүй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдүүлэхгүйг гол болгож, ардын аман зохиолын баялаг уламжлалыг түшиглэн орчин цагийн монгол хэлэнд буулгасан. Энэ нь сурвалж бичгийг эрдэм шинжилгээний үүднээс боловсруулсан арга, орчуулгын хувьд ч чухал ач холбогдолтой бүтээл болсон" гэдгийг судлаачид тодотголоо.



Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлүүд монгол туургатнаас гадна орос, англи, герман, франц, хятад, солонгос, чех, мажар, болгар, польш зэрэг олон хэлээр удаа дараа орчуулагдан  шинэ цагийн монголын утга зохиолын туршлага, уран сайхны сэтгэлгээний баялаг уламжлал, түүх, соёлын зангилаа асуудлыг авч үзэхэд судалгааны гол хэрэглэгдэхүүн болсныг эрдэмтэд онцлов.



Академич Ц.Дамдинсүрэнгийн  эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номыг өнгөрсөн онд гаргасан. 

"Монгол судлалын шилдэг өв" цуврал болон хэвлэгдсэн тус бүтээлийг "Монгол судлалыг дэмжих сан"-гаас санхүүжүүлжээ. Академичийн охин, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Анна Цендина тэргүүтэй МУИС, Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн судлаачдын баг энэхүү есөн ботийг  "Монгол судлалын шилдэг өв" цувралд оруулж, эмхэтгэн хэвлэсэн нь энэ аж.
 

Related news