Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит "Сэрсэн тал" дуу хөгжмийн наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд маргааш эхэлнэ.
Тус наадмын хүрээнд орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ЗДТГ, Жаргалтхаан сумын нутгийн зөвлөл ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар БСШУСЯ, Хэнтийн аймгийн ЗДТГ, Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл оролцож байгаа аж.
Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлтэд МУАЖ А. Долгор, МУГЖ Г. Эрдэнэбат,МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Д. Ариунбаатар, МУСТА Б.Урангоо, МУСТА Д.Отгонжаргал нарын уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирж хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлнэ.
Тэрбээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн.. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллажээ.