Ц.Адъяасүрэн:Утааны 15-20 хувийг цахилгаан станц бүрдүүлдэг гэсэн судалгаа гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-22 16:38:40
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Агаарын бохирдол, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг дуусгах, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах арга замын талаар зөвлөмж боловсруулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд  “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” семинарыг ШУА-ийн байранд зохион байгууллаа.

Семинарт,  НҮБ-ын Ази, номхон далайн Хүрээлэн буй орчны хөтөлбөр болон ДЭМБ, ЮНИСЕФ, АХБ, ДБ, Жайка, НЭМҮТ, НЭМГ, МХЕГ, ЭМХҮТ, Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын агаарын чанар нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болоод цэвэр, үр ашигтай түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.

Эко-Ази дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэн хэлэхдээ, “Агаарын бохирдолд нэрвэгдээгүй хүн гэж манай улсад, тэр дундаа Улаанбаатар хотод байхгүй. Агаарын бохирдлоос улбаатай хүн амын эрүүл мэнд муудаж, олон хүн, ялангуяа хүүхдүүд их өртөж байна. Эко-Ази дээд сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар өвлийн улирлын нийт утааны 15-20 хувийг цахилгаан станц, 10-20 хувийг авто тээврийн хэрэгсэл, 5-10 хувийг бага оврын уурын зуух, 50-70 хувийг гэрийн зуух ялгаруулдаг гэсэн дүн гараад байгаа юм. Урин дулаан болоход бүх галлагаа зогсож өнөөх бохирдлын 70-80 хувь нь бараг үгүй болдог. Гэтэл 10-20 хувийг эзэлж байгаа автомашины утаа хэвээр үлдэх төдийгүй зуны улиралд автомашины тоо хэрэглээ ч бас нэмэгддэг. Автотээврийн хэрэгслээс гарч байгаа утаатай хамт их хэмжээний бохирдол, хорт бодис хүрээлэн буй орчинд тархдаг.  Эдгээр нь хүний алхааны түвшинд байх тул замаар алхаж буй хүмүүс, автобус хүлээгээд сууж байгаа хүмүүс, гадаа тоглож байгаа хүүхдүүд илүү хортой утаагаар амьсгалж байна” гэв.

Мөн манай улсад сүүлийн үед Япон, Хонгконг зэрэг гадны орнуудаас маш олон жил ашигласан авто тээврийн хэрэгсэл их хэмжээгээр импортолсоор байгаа бөгөөд эдгээр нь илүү хортой утаа ялгаруулдаг байна. Мөн манай улсад импортолж байгаа бензин, дизель түлш ч гэсэн чанарын доод түвшинд байсаар байгаа нь агаарын бохирдлын нэг үүсвэр болж хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг тэрээр онцоллоо.

Тус семинарт автотээврийн хэрэгслээс гарах агаарын бохирдлыг бууруулах талаар мэргэшсэн олон улсын нэр хүндтэй судлаачид болох Берт Фабиан, судлаач Супат Вангвонватана нар үдээс хойш илтгэл тавьж хэлэлцүүлж байна.
С.Мөнхбаатар
Related news