Монгол өв соёлыг тээгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-11 18:08:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин Монгол 2018” соёл, спортын наадам өнөөдөр Хүй долоон худагт албан ёсоор эхэлсэн. Уг наадмын үеэр Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлийн 9 дүүрэг болон орон нутгийн 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа болж байна.

Монголын уламжлалт гар урлалын төрлөөс хувцас арьсан эдлэл, хатгалмал, нэхмэл, сүлжмэл, уран дархан гэх мэт үндэсний хэв шинжээ агуулсан уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж байна. Үзэсгэлэн худалдаанд ихэвчлэн мэргэжлийн уран бүтээлчид хамрагдагдаж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс үндэсний өв соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгчдийн бүтээгдэхүүнийг түлхүү дэлгэхийн зорьсон гэдгийг хэлж байлаа.

Энэ үеэр үзэсгэлэн худалдаан оролцож буй иргэд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.



Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны Бодисын бус соёлын өвийн бүлгэмийн гишүүн Ж.Мөнгөнцэцэг, “Манай бүлгэмийн 14 уран бүтээлч өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Ихэвчлэн гар урлал, эсгий урлал, хатгамал зэрэг Монголын соёлын өвийг тээж ирсэн. Монгол Улсад анх удаа ирж байна. Дараа дахин ирж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан, үзэсгэлэн худалдаануудад оролцох төлөвлөгөөтэй байгаа. Үзэсгэлэнгээ дуусгаад Монгол орны 12 аймгийн үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж байна” гэлээ.



Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн "Хан толгой" хоршооны дарга Г.Гэрэлцэцэг, “Энхүү үзэсгэлэн худалдаанд монгол дээл, гутал, малгай, арвайн гурил зэргээр оролцож байна. Манай байгууллага үхрийн арьс ширээ өөрсдөө боловсруулж бүтээгдэхүүн хийдэг. Бид бүхэн маш олон үзэсгэлэн худалдаанд өөрсдийн уран бүтээлээ толилуулж оролцдог” гэлээ.



Мөн 1990 онд байгуулагдсан Оюун ухааны олон улсын музейн хамт олон оньсон тоглоом болон үндэсний бусад тогоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, танилцуулах зорилгоор оролцож байна. Түүнчлэн өнөөдрийн үзэсгэлэн худалдааны үеэр нийт 15 төрлийн оньсон тоглоомыг тоглох арга барилыг хүүхэд багачуудад зааж байгаа аж. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус оньсон тоглоом тоглох, сонирхох нь нэмэгдэж байгаад баяртай байгаагаа мөн тус музейн удирдлагууд хэлж байлаа.



“Цагаан солонго” салоны гүйцэтгэх захирал Б.Номин-Эрдэнэ, “Манай салон ханын аравч, эсгий ширдэг, эсгий урлалын эд зүйлс худалдаалагдаж байна. “Цагаан солонго” салон нь 2013 онд байгуулагдаж, 8 ажилтантайгаар эсгий урлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.
Д.Болор-Эрдэнэ
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news