ТҮЦ-ийнхэн хөдөлмөрлөх, худалдаа эрхлэх эрхээ хамгаална гэж мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-25 18:45:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Худалдаачдын болон ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, ТҮЦ ажиллуулж буй иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэдний хэлж байсан гол санаа нь нэгд, хотын удирдлагын зүгээс тэднийг өмнө хүлээн авч уулзахдаа “Нийтлэг журам баталтал ТҮЦ-үүдийг нүүлгэхгүй, ажлын байрнаас салгахгүй” гэж байсан мэдэгдэлдээ өнөөдрийг хүртэл хүрсэнгүй. Хоёрт, өнөөдөр тэднийг хууль эрхзүйн орчинд хүлээн авч сонсох албан тушаалтан алга боллоо гэж байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн худалдаа эрхлэгчдийн төлөөллийн хэлж буйгаар, “Манай дүүргийн удирдлагаас гаргасан тохижилт хийнэ гэсэн захирамжаар 100 гаруй иргэний эрх зөрчиж байна. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд дүүргээс гаргасан захирамж шийдвэрийг биелүүлж нэгдсэн нэг журамд орох, асрын өнгөө жигдлэх, орчны хог шороогоо цэвэрлэх, хэв журмыг хангах зэрэг тавьсан шаардлага бүрийг нь сахин биелүүлж ирсэн” гэж байв. Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам, “Бид Монгол Улсын иргэн хөдөлмөрлөх эрхтэй. Гэвч хөдөлмөрлөх гээд улсаас нэхэх бус, өөрсдөдөө ажлын байр бий болгоод явж байгаа хүмүүсийг өнөөдөр хөөж туугаад амар тайван байлгахгүй байна. Бид хөдөлмөрлөх, худалдаа эрхлэх эрхээ хамгаална” гэдгээ мэдэгдэж байв.
 
 Б.Болд
Related news