2016 онд Өвөрхангай аймгийг хөгжүүлэх 86 арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:00:12

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар  аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны үндсэн чиглэлийн төслийн тухай хэлэлцлээ.

Аймгийн 2015 оны үндсэн чиглэл нь гурван бодлогын түвшинд 12 зорилт, 128 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснийг Төлөөлөгчид хэлэлцээд 91,8 хувьтай буюу хангалттай гэх үнэлгээг өглөө.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 12 зорилтын хүрээнд 86 арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд ирэх онд төсөв хөрөнгийн бололцоо муу байгаагаас бага ажил төлөвлөсөн болохоо удирдлагууд хэлж байв.

2016 онд Арвайхээрийн нийтийн тээврийн үйлчилгээг шинэ зохион байгуулалтад оруулж, парк шинэчлэл хийх, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, зээлийн хүрээнд байнгын 1000, түр 800 ажлын байр бий болгох, атаршсан талбайг хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэн эргэлтэд оруулж, тариалалтыг нэмэгдүүлэх, Арвайхээр суманд өрхийн эмнэлгийн шинэ барилга барьж,  тоог нэмэгдүүлэх, эмийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн сангуудыг кассын машинтай болгох, Арвайхээр суманд 928 хүүхдийн сургуулийн барилгыг үргэлжлүүлэн барьж, Бат-Өлзий, Арвайхээр суманд 225 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан байна. 

Б.Батчимэг

Related news