“Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурал болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан “Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойн комиссын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар үг хэллээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж танилцуулав.
Түүнчлэн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат оролцогчдод хандан үг хэлэв. Тэрээр энэ бүс нутаг “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын эргэн тойронд байгаль, экологи, соёлын түүхэн хөгжлийн хосгүй өвөрмөц тогтолцоог хадгалсан газар байгаа давуу талтай. Мөн энэ бүс нутгийн амьдрал хоорондоо түүхэн уламжлал, залгамж холбоотой, газар зүйн өвөрмөц тогтоц, тогтвортой хөгжлийн орчин харилцан бүрдүүлэх өвөрмөц онцлогтой. Давуу талдаа тулгуурлаж тэнцвэрт хөгжлийн орчинг одооноос тодорхой бодлого төлөвлөгөөтэй бүрдүүлэх нь нэн чухал байна гэдгийг онцолсон юм.
Эрдэм шинжилгээний бага хурал хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үдээс өмнөх буюу нэгдүгээр хэсгийн хуралдаанаар “Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал” сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсан. Үдээс хойших буюу хоёрдугаар хэсгийн хуралдаанаар “Хархорин хотын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хуралдаан үргэлжилнэ. Мөн энэ үеэр Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийгээд байна.
Б.Туул