Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкар мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-27 16:34:41

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкар Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, захидал ирүүлэв. 


Захидалд, “Эрхэмсэг хатагтай сайд аа, Таныг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин сонгогдсонд тань чин сэтгэлийн халуун баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Энэтхэг, Монгол Улс нь оюун санааны гүн гүнзгий хэлхээ холбоотой, стратегийн түншүүд билээ. Хоёр талын хөгжлийн түншлэлийн хүрээ улам бэхжиж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа өргөжин тэлж буй энэ цаг үед хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө Тантай хамтран ажиллахдаа таатай байна. 


Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг хатагтай Танд эрүүл энх, сайн сайхныг, Монголын найрсаг ард түмэнд тогтвортой өсөлт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе’’ гэжээ.

 

 

 

Related news