Хоолоо идсэнгүй хэмээн бага насны хүүхдийг багш нь зоджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-04 11:40:26

Бага насны хүүхэд цэцэрлэгийн багшид зодуулсан талаар эцэг эх нь аймгийн Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан байна. Нэг ой арай хүрээгүй хүүхдийг хоолоо идсэнгүй, асгалаа хэмээн багш нь толгой түрүүгүй цохиж, хараан загнаж байгаа дүрс бичлэгийг ч өгчээ.

Эл явдал Мандалговь хотод үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хэмээх хувийн цэцэрлэгт болсон бөгөөд эцэг эхийн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тус цэцэрлэгт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Тухайн багш хүүхдийг хооллох үеэр зодож,  загнаж байгаа үйлдлийг хамт ажилладаг багш нь гар утсаараа бичлэг хийж авсан бөгөөд үүнийгээ нэлээд олон хоногийн дараа хүүхдийн эцэг эхэд өгснөөр эл хэрэг илчлэгджээ.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг бүр зогсоож, хүүхэд зодсон багшийн хэргийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн газарт хандаад байна.

Дундговь. Т. Отгонтуяа

Related news