Гэр хорооллыг халуун, хүйтэн, бохирын усны шугамтай холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-19 12:51:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүргийн VII  хорооны иргэдтэй уулзаж, тус хороонд байгуулах гэр хорооллын дэд бүтцийн хангамжийг жигд хүртээх шийдэл бүхий “Дэд бүтцийн төв”-ийн талаар танилцуулав.

Тус дэд бүтцийн төв нь VII хорооны Хувьсгалчдын 13-15 дугаар хэсгийн 201 өрхийг хамрах аж. Одоогоор зураг төслийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд энэ сард багтаан бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжүүлэгчийг энэ сарын сүүлээр сонгон шалгаруулах бөгөөд “Дэд бүтцийн төв”-ийг энэ оны 11 дүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах аж.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагай юм. Тиймээс нийслэлээс эхний ээлжинд 40 мянган иргэнийг цахилгаан халаагуураар, үлдсэн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Эдгээр ажлын хамгийн сайн шийдэл нь “Дэд бүтцийн төв” гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулгын үеэр дурьдлаа.

Тэрбээр, “Бид 2018 онд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийх ажлын эхлэл бол Чингэлтэй дүүргийн VII  хороонд байгуулах  “Дэд бүтцийн төв” юм. Энэ мэт төвүүдийг хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулааны сүлжээ очих боломжгүй газруудад байгуулах бодлого баримталж байна.Тиймээс хамгийн анхны дэд бүтцийн төвийг байгуулж буй Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэд бусад гэр хорооллын иргэддээ үлгэр жишээч байж, төр, хувийн хэвшилтэйгээ нягт хамран ажиллах нь чухал” гэлээ.

Танилцуулах уулзалтад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцлоо. Тэрбээр уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд иргэдтэйгээ өдөр бүр уулзаж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

“Дэд бүтцийн төв”-д холбогдох иргэд өөрийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах, өөр тохирсон дотоод сантехникийн шийдлээ сонгон хашааны урдуур өнгөрч буй халуун, хүйтэн ус, бохирын усны төв шугамтай холбох зардлаа хариуцах аж. Нийслэлийн зүгээс иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран байгуулсан “Ногоон сан”-гаас хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн тус хэсэгт хувийн байшингүй буюу гэрт амьдардаг өрхүүд олон бий. Эдгээр өрхүүдийг хувийн байшингаа барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газар, БХБЯ-наас ипотекийн зээлд хамруулах төслийг боловсруулж байгааг Хотын удирдлагууд онцолж байв.

Мөн үеэр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын дарга Ч.Батбилэг, “Нэг дэд бүтцийн төв байгуулахад байршлаасаа шалтгаалан 5-7 тэрбум төгрөг шаардлагатай. Чингэлтэй дүүргийн VII хороонд байгуулах төвд 5 тэрбум төгрөг зарцуулах төсөл боловсруулсан. Энэ төв гэр хороолын өрхүүдийг цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон холбооны хэрэгслээр бүрэн хангах юм. Мөн ногоон байгууламж болон хиймэл нуур байгуулж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, нөхцлийг бүрдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2018 онд 11 байршилд “Дэд бүтцийн төв” байгуулах судалгаа хийснээс эхний ээлжинд хоёр байршилд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр сонгосон юм. Хоёр дахь төвийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байгуулахаар төлөвлөж байгаа аж. Харин 2020 он гэхэд 50 байршилд уг төвийг байгуулна. Ингэснээр нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад томоохон түлхэц үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр “Дэд бүтцийн төв” -д холбогдсон хашааны газрын ханш 3-4 дахин өснө гэсэн тоооцоолол бий” гэлээ.
Энэ үеэр тус хорооны иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Иргэн Д.Баатар, “Би энэ хороонд 25 жил амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэсгийг хөгжүүлэх чиглэлээр нийслэл, дүүргээс ажил хийж байгаагүй. Харин өнөөдөр үнэхээр том өөрчлөлт, шинэчлэлийн ажлын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэд бид нягт хамтран ажиллах болно. Нөгөөтэйгүүр төрийн өндөрлөгүүд аливаа ажил, төсөл хөтөлбөр эхлүүлээд бүрэн хэрэгжүүлэхгүй орхих тохиолдол бий. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд нэг сэтгэлтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

Иргэн Б.Гомборагчаа, “Манайхыг анх энд бууж байхад бараг хүн суурьшаагүй байсан. Сүүлийн жилүүдэд хүн амын тоо өссөнөөс иргэдийн амьжиргаа, орчин нөхцлийг сайжруулах ажил өрнөөгүй. Тиймээс энэхүү төслийг бид дэмжиж ажиллах болно. Мөн бусад гэр хорооллын иргэдийг ч энэхүү төслийг дэмжиж, дэлхий нийтийн жишигт нийцсэн тав тухтай, тохилог орчин бүрдүүлэхийг уриалж байна” гэв.

Ч.Ариунболд
Related news