Истанбул хотын аялал жуулчлалын газартай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-08 09:01:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод жил бүр зохион байгуулагддаг EMMIT (East Mediterranean International Tourism Expo) буюу Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнгөрсөн сарын 25-28-нд 22 дахь жилдээ боллоо.

Тус үзэсгэлэнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, "А Стар Монголия", "Аян Трэйвэл", "Баттур", "ДМД Монголия", "Ялгуун брэнд" болон Улаанбаатар чуулгын уран бүтээлчид  оролцов. Үзэсгэлэнд оролцогчид Улаанбаатар хотыг олон улсын аялал жуулчлалын байгууллагууд болон үндэсний өв соёл, уламжлал, баяр наадмын талаар гадаадын жуулчны компаниуд болон иргэдэд сурталчилгаа, мэдээлэл хүргэв.

Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын жуулчдад аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгодог тус үзэсгэлэнг энэ жил 54 мянга 364 хүн үзэж сонирхсон бол 85 орны 1065 аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүд оролцож 7000 бизнес уулзалт зохион байгуулав.

Эн үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл Истанбул хотын аялал жуулчлалын газрын дарга Сердал Акюүрт, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Дидем Огүр нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтаар хоёр хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран борлуулах маркетингийн төлөвлөгөө гаргах, Газрын дундад тэнгисийн орнууд болон Турк улсаас дамжих Европын жуулчдыг Монгол Улсад татах, Истанбул хотод Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах, хоёр хотын хэвлэл мэдээллийг баг, блог нийтлэгч, аялал жуулчлалын компаниудын төлөөллийг харилцан аялуулахаар тохиролцов.
 
Ч.Ариунболд
Related news