Микро хиймэл дагуул бүтээснээр цаг агаар, бэлчээрийн нөхцөл байдлыг тодорхойлох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-30 13:06:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс жижиг оврын хиймэл дагуул хөөргөх, түүнээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг тодорхойлох зорилгоор өнөөдөр МУИС-иас“Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр дүнтэй ашиглах боломж” хэлэлцүүлэг өнөөдөр болов.

Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай” өнгөрсөн оны 6 дугаар сарын 04-нд дэлхийгээс хөөрч,
7 дугаар сарын 07-ноос задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орсон. Ингэснээр Монгол хүний гараар бүтсэн төхөөрөмж улсынхаа нэрийг сансарт бичсэн түүхэн үйл явдал тохиосон. Хиймэл дагуулыг Японы Хоккайдо, Тохокүгийн их сургуультай хамтран бүтээсэн бөгөөд МУИС-ийн эрдэмтэд дараагийн буюу микро түвшний хиймэл дагуул бүтээхээр судалгааны ажлаа эхэлжээ.

МУИС-ийн Нано хиймэл дагуулын лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар, “Мазаалай” нь газрын зураг авах, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэх үүрэгтэй бол микро түвшний хиймэл дагуул нь цаг агаарын болон бэлчээрийн нөхцөл байдлыг тодорхойлох, мэдээлэл дамжуулах зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай байх юм. Мөн л Хоккайдо, Тохокүгийн их сургууль хамтран ажиллана. Тиймээс микро хиймэл дагуулыг бүтээх бэлтгэл ажлыг хангах, Монгол Улсад Сансар судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэлээ. 

Гадаадын орнууд хиймэл дагуулыг газар хөдлөлт, ган, зудын эрсдэл тодорхойлох, газар тариалангийн ургацын хэмжээ тогтоох зэргээр улсынхаа үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болгон ашигладаг. Одоогоор сансар огторгуйд 1000 гаруй хиймэл дагуул ажиллаж байгаагаас 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар эзэмшдэг байна. Харин Монгол Улсын ОБЕГ, ЦУОШГ, ШУА зэрэг томоохон байгууллагууд АНУ-ын Landsat болон MODIS зэрэг хиймэл дагуулаас үнэ төлбөргүй мэдээлэл авдаг байна. Гэвч эдгээр хиймэл дагуулын зураг авалтын нарийвчлал бага тул хангалттай мэдээлэл болж чаддаггүй аж. Тиймээс өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг Монгол Улс байгалийн гамшгаас сэргийлэх, гамшиг, ослыг нарийвчлан тогтоохоос эхлээд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор өөрийн микро хиймэл дагуултай болох нь туйлын чухал гэж байв.

“Мазаалай”-г бүтээхэд 100 мянган ам.доллар зарцуулж байсан бол микро түвшний хиймэл дагуул бүтээхэд хоёр жилийн хугацаанд 3-5 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсныг мөн танилцууллаа.

Монгол Улс анхны нано хиймэл дагуулаа бүтээж, Япон улстай хамтран сансар судлалын мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлсэн. Энэ амжилтыг улам бүр бэхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор Төрөөс сансрын талаар баримтлах бодлого боловсруулах, энэ чиглэлийн тусгай агентлагтай болох шаардлагатай гэдгийг Монгол улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа онцлов.

Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн харъяа 10 хүрээлэнгийн 6 нь хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, ШУА-ийн 650 гаруй судлаач хиймэл дагуулын мэдээллийг эрдэм шинжилгээний ажил болон бусад бүтээлдээ ашигладаг аж. Тиймээс тус байгууллагын удирдлагууд сансар судлалын чиглэлээр төрийн тусгай агентлаг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Хэрэв төр тусгай агентлаг байгуулах боломжгүй бол ШУА-ийг түшиглэн сансар судлалын нэгж эсхүл ажлын хэсэг байгуулан ажиллуулах боломжтой гэдгийг тус академийн Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, доктор Б.Сувданцэцэг хэллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд дээрх саналуудыг тусгасан зөвлөмж боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх болов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news