С.Батболд: Нийслэлийн Засаг дарга санхүү, эдийн засгийн эрх мэдэлтэй байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-18 20:24:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдлагуудын 2017 онд хэрэгжүүлсэн ажил, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг олон нийтэд танилцуулах зорилго бүхий “Хот бас Сэтгүүлчид” зангиагүй уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдлагууд хийсэн ажлаа болон хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүн сайжруулсан зуух, түлш тараах асуудал ярьж байна. Зуухны технологийн асуудлыг судалж байгаа юу?

-Хотын дарга С.Батболд: Утаатай тэмцэх ажил 2010 оны үед эрчимжиж байсан. Тэр үед АНУ-ын Мянганы сорилын сан, Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагуудаас ч хөрөнгө оруулалт орж ирж байсан. Тухайн үед Улаанбаатар хотод сайжруулсан түлшний 12 үйлдвэр, сүлжээ бий болсон. Харамсалтай нь 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Багануурын нүүрсийг зарж эхэлснээр дээрх ажил зогсож, үйлдвэрүүд дампуурсан. Нэг тонн нүүрс болон сайжруулсан түлшний үнэ 50 мянган төгрөгийн зөрүүтэй. Энэ зөрүүг өгөхгүй бол сайжруулсан түлшний үйлдвэрүүд алдагдлаа нөхөж чадахгүй байгаа юм. Зуух бол агаарын бохирдлыг бууруулах шийдэл огт биш. Гэхдээ бид бүх аргыг хэрэглэхээс өөр сонголтгүй. Гэр хорооллын 202 мянган өрхийг шууд хийн хэрэглээнд нэвтрүүлж чадахгүй. Тэгэхээр бид 20-40 мянган өрхийг 4кВт-ын цахилгаан халаагуур тавих эрчим хүчний сүлжээг бий болгох юм. Цаана нь үлдэж байгаа 160 мянган өрхийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг тооцохоор хэдэн арван тэрбум төгрөг болдог тул иргэд шүүмжлэлтэй хандах нь зөв. Тэгэхээр бүхнийг эхнээс нь цогцоор шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын төсөвт 5 тэрбум төгрөг тавиад, агаар цэвэршүүлэгч нийлүүлээд нэмэргүй. Хэдэн жилийн дараа нөгөөдүүл нь эвдрэхээр бас л үргүй зардал гэж ярина. Нийслэлээс агаарын бохирдлыг шийдвэрлэх арга замаа тодорхойлж, шаардлагатай төсвийн хэмжээг гаргах тогтоолыг УИХ гаргасан.

-Нийслэлийн өмнөх удирдлагууд Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудыг Ханын материал руу нүүлгэх талаар ярьж байсан. Үүнийг яагаад өөрчлөх болов?

-Хотын дарга С.Батболд: Хотын захиргааг нүүлгэнэ гэж төлөвлөсөн 9 га газар Ханын материалд байгаа. Хотын захиргааг нүүлгэхдээ БНУнгар улсаас  132 сая ам.долларын өндөр хүүтэй зээл авч шийдвэрлэхээр болсон байсан. Эдийн засаг хүндрэлтэй байсан тул өндөр хүүтэй зээл авах боломжгүй гэж үзээд больсон. Харин одоо өөр. Яармагт дэд бүтцийн асуудал шийдэгдсэн. Бид нүүгээд очсоны маргааш нь тэнд аж ахуйн нэгжүүд, яамд нүүж очих боломжтой. Миний мөрийн хөтөлбөрт “Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн санхүүгийн төв” болгоно гэж орсон. Яармаг бол Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын зам дагуу байдаг. Тиймээс тухайн газрыг эдийн засгийн төв болгох боломжтой гэж харж байгаа. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2019 он гэхэд нүүлгэж дуусна гэдэгт бат итгэлтэй байна.

-Иргэдэд хамгийн их чирэгдэл учруулдаг салбар бол нийтийн тээвэр. Энэ салбарын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ. Мөн төв зам дагуух ТҮЦ-үүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж болдоггүй юм уу?

-Хотын дарга С.Батболд: Ер нь бол би нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна. Улаанбаатар хотод 20 гаруй компани нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа. Эдгээр компаниудад жилд 60 гаруй тэрбум төгрөгийн татаас олгодог. Тэгээд үйлчилгээгээ сайжруул гэсэн шаардлага тавихаар өөдөөс ажил хаяна, хотын иргэдийг “явгална” гэсэн асуудал ярьдаг. Тиймээс нийтийн тээвэрт шийдвэрлэх олон асуудал бий.

Улаанбаатар хотын ганц төв зам гэгдэх Энхтайвын өргөн чөлөө дагуу ТҮЦ тавиулахгүй.ТҮЦ-ийн түрээснээс хямдхан лангуу дэлгүүрүүдэд хоосон байгаа.  Бусад дүүрэгт бол стандартын шаардлага тавьсан ТҮЦ ажиллуулж болно. Хот бол хамтран амьдардаг газар. Батболд өөрийнхөө өвөлжөөн дээр ганцаараа байгаа бол юу хийх нь хамаагүй. Харин хотод ирээд 10 хүнтэй хамт амьдарч байгаа бол бусдынхаа эрх ашигт захирагдах ёстой. Түүнээс биш хүний эрхийг урдаа бариад дураараа загнахыг хүлээн зөвшөөрөхгүй.

-Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Нийтийн тээврийн төлөвлөлт, үйлчилгээг сайжруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгээс ЗТХЯ-тай хамтран “Авто тээврийг хөгжүүлэх сан” байгуулах санал боловсруулж байна. Энэ сан нийтийн тээврийн компани нэг удаа зөрчил гаргасан тохиолдолд нийслэлээс өгдөг татаасыг түр саатуулна. Алдаагаа засахгүй бол мөнгийг санд үлдээж, нийтийн тээврийг хөгжүүлэхэд зарцуулах юм. Харин гурван сарын хугацаанд дахин зөрчил илрэхгүй бол мөнгийг хэвийн олгоод явна. Энэ саналыг Цагаан сарын баяраас өмнө Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулна.

-Нийслэл ямар статустай байх ёстой гэж Хотын дарга үзэж байна вэ?

-Хотын дарга С.Батболд: Хот бол 2012-2016 онд хот өөрөө санхүүгийн том эрх мэдэлтэй байсан. Хөгжлийн банкны зээл авах, концесс зарлах гэх мэт. Гэхдээ энэ эрх мэдлээ хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төдийлөн зарцуулж чадаагүй. Хотын төв замыг шинэчлэх шаардлагатай байхад зуслангийн ам руу концессын гэрээгээр зам татсан гэх мэт. Үүнээс үүдээд энэ онд 140 тэрбум төгрөгийн концессын өр төлнө. Хэрэв энэ мөнгийг ажлын байр бий болгоход зарцуулсан бол их үр дүнд хүрэх байлаа. 2016 оноос хойш концессын гэрээ байгуулах, бонд гаргах гэх мэт санхүүгийн эрхийг цуцалсан. Тиймээс бид энэ эрхүүдийг нээх асуудлыг дахин сөхөж байгаа. Үүний тулд эрхзүйн шинэчлэлийн асуудал яригдах юм. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хотын даргын зовлонг сайн мэддэггүй байж. Одоо өөрөө мэдэрч байгаа учраас Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Социализмын үед Улаанбаатар хотын дарга тулгамдсан асуудлаа шууд Сайд нарын зөвлөлд тавих эрхтэй байсан. Одоо бол Нийслэлийн Засаг дарга Засгийн газарт асуудал оруулах, УИХ-д хууль өргөн барих эрхгүй. Монгол Улсын хүн амын 50 хувь, аж ахуйн нэгжийн 70 хувь байрлаж байгаа Улаанбаатар хотыг аймаг, нийслэл эсхүл орон нутаг гэсэн ерөнхий нэрийн дор явуулж болохгүй. Батболд эрх мэдэл хүсээд байгаа юм биш. Дэлхийн хотууд бие даасан Засгийн газартай байдаг. Том гүрнүүдтэй харьцуулахгүй ч Монгол Улсын  Нийслэлийн Засаг дарга нь санхүү, эдийн засгийн эрх мэдэлтэй байх ёстой юм.

-Элэг шилжүүлэх мэс засал хийдэг болох талаар Хотын дарга ярьж байсан. Энэ ажил хэзээнээс хэрэгжих вэ?

-Хотын дарга С.Батболд: Манай оронд элэгний хавдрын өвчлөл их байгаа. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж шаардлагатай байна гэсэн учраас 2016 оны төсвөөс нэг тэрбум төгрөгийг ХСҮТ-д шийдэж өгсөн. Мөн тус эмнэлгийн гадна талбайг тохижууллаа. ХҮСТ-ийн удирдлагуудын зүгээс эхний хагалгааг нийслэлийн нэг иргэнд үнэ төлбөргүй хийж өгнө гэж амласан. Амлалтаа биелүүлнэ гэж итгэж байгаа ш дээ. 

-Газар чөлөөлөлтийн асуудал хүндрэлтэй байна гэж ярьлаа. Баянгол дүүрэгт байсан 1000 машины зогсоолыг маш хурдан нүүлгэсэн. Одоо 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудал хөндөгдөж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хотын дарга С.Батболд: Энэ ажлыг авахаас өмнө намайг бухимдуулдаг байсан нэг асуудал бол газар чөлөөлөлт. Биднийг хүүхэд байхад Улаанбаатар хот хашаагүй, цэлгэр гудамжтай байсан. 1990 оноос хойш барьсан байшин болгон хашаатай болсон. Мөн хашаагаа зөвшөөрсөн хэмжээнээс байнга хэтрүүлдэг. Газар чөлөөлөлтийг П.Баярхүү даргаар ахлуулсан ажлын хэсэг маш үр дүнтэй явуулсан. Үүний нэг том илрэл нь 1000 машины зогсоол. Энэ бол хууль бусаар газар эзэмшиж байгаа нөхдүүдтэй хийж буй тэмцэл гэж ойлгож болно. Миний бие 100 айлыг нүүлгэх талаар санал хэлээгүй байгаа. Энэ газрыг нүүлгэхэд нийслэлийн нэг жилийн төсөв ч хүрэхгүй байх. Ер нь бол иргэдээс томоохон захуудыг хотын төвөөс гаргах санал ирдэг. Үүнийг тухайн аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүйгээр шийдэх учиртай. Хөгжлийн тодорхой үе шатанд захуудыг хотоос гаргах ёстой. Тухайлбал, “Авто худалдааны цогцолбор” маш том жишээ. Иргэд Да хүрээ орж машинаа авна, бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ, эргээд татвар явна гэх мэт сунжирсан ажил болдог байсан. Харин  “Авто худалдааны цогцолбор”-т бүртгэл, дугаар олголт гээд бүх үйлчилгээ нэг дор бий. Тэндээс иргэд автомашинаа авч, бүртгүүлээд, татвараа төлж, номероо авах бүрэн боломжтой. Энэ мэтээр цогцоор нь шийдвэрлэх юм.

-Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Нийслэлийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн эх үүвсэрийг тэлнэ” гэж заасан. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх шийдвэр гаргалаа. Монгол Улсын нийт хүн амын 50 хувийн эрх ашгийг хамгаалах чиглэлд та Засгийн газартай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Хотын дарга С.Батболд: Энэ сарын 29-нд Нийслэл Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаа хийнэ. Чуулга уулзалтаар хийх ажлаа ярихаас илүүтэй хөрөнгө оруулагчдын саналыг сонсоно. Эдийн засаг хүндрэлтэй  үед хөрөнгө оруулагчид төдийлөн мөнгө гаргадаггүй байсан. 2018 онд эдийн засгийн өсөлт гарах байх гэж найдаж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг хүсч байгаа. Татварын тухайд бол би эсэргүүцэх эрхгүй. Засгийн газрын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой албан тушаалтан. Татварын нэмэгдэл бол хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 4.5 хувьд буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүст л хамаарна гэж үзэж байгаа. Тухайлбал, миний цалингаас авах татвар нэмэгдэхгүй.

-Шатахууны үнэ гэхээр УУХҮ-ийн сайд эсхүл Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд л ярьдаг. Зарим гишүүд шатахууны үнийг зөвхөн Улаанбаатар хотод нэмэх хэрэгтэй гэсэн асуудал ярьж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хотын дарга С.Батболд: УИХ-ын гишүүдийн үгийг би тайлбарлах боломжгүй. Би бол 1.3 сая иргэний эрх ашгийг хамгаална. Зөвхөн нийслэлд үнэ нэмэхийг зөвшөөрөхгүй. Зах зээлийн зарчмаар бол хамгийн их борлуулалттай газраа бараа, бүтээгдэхүүний үнэ хямд байдаг. Үүнтэй ижил байх ёстой.  Энэ чиглэлд Засгийн газраас зохицуулалт хийж байгаа байх.

-Улаанбаатар хотод улсын томоохон эмнэлгүүд байрладаг. Эрүүл мэндийн салбарт авлига газар авч байгааг бүгд мэдэж байна. Үүнтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: Ер нь эмнэлгийн ажилтнууд ёс зүйн дүрмээ баримтлан ажиллах ёстой. Хэрэв авлига авах үйлдэл гаргасан бол иргэд холбогдох байгууллагуудад хандаж, тухайн хүнд хариуцлага тооцуулах хэрэгтэй.

-Нийслэлд олон эмнэлэг барьж байгаа юм байна. Энэ бол сайшаалтай боловч иргэдээ өвдсөн хойно эмнэлэгт хэвтүүлээд байх нь чухал уу, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ямар ажил Нийслэлийн зүгээс хийж байна вэ? 

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: Та маш зөв асуулт тавьлаа. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын дийлэнх санхүүжилтийг иргэдээ өвдсөн хойно нь эмчилэхэд зарцуулж байна. Тэгэхээр хүн эрүүл байх, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь маш чухал. ЭМЯ-наас урьдчилсан сэргийлэх ажлыг Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй уялдуулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Бид ч иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг санаачилж хийхээр төлөвлөөд байгаа.

-Газар чөлөөлөх иргэд хэт өндөр үнэ нэхдэг асуудал бий. Тэгэхээр нийслэлээс тодорхой үнэ тогтоогоод явж болохгүй юу. Тухайлбал, 100 айл орчимд газраа гурван өрөө байраар солих хүсэлтэй иргэд байгаа. Гэтэл тэнд нь бүтээн байгуулалт хийх компани нь үйл ажиллагаа явуулахгүй байна гэсэн мэдээлэл бий?

-Хотын дарга С.Батболд: Агаарын бохирдлыг 1-4 бүсэд байрлаж буй газрын суурь үнэ бий. Иргэд газраа чөлөөлөхдөө өөрсдийн барьсан байшин, пин зэргээ давхар үнэлдэг. Ингэхдээ жижигхэн байшингаа 100 сая төгрөгөөр үнэлж, мөнгө нэхдэг. Тэдэнтэй манай газрын албаныхан зах дээр байгаа юм шиг л үнэ хаялцаж байгаа юм. Бид энэ жил 60 айлын газрыг орон сууцаар сольсон. Өмнө нь ипотекийн зээл хэрэгжүүлэхдээ гэр хорооллын яндангийн тоо буурч байгаа эсэхд огт хяналт тавьдаггүй байсан. Үүнээс үүдэн энэ төрлийн зээлийг ихэвчилэн байшингаас байшин дамжсан хүмүүс л авч байсан. Өөрөөр хэлбэл, гуравдугаар хороололд байранд байсан хүн 10 хороолол руу нүүхдээ зээл аваад байсан гэсэн үг. Зээлийг зөв хүндээ олгохын тулд ипотекийн зээлд хамрагдаж байгаа бол та яндангаа хураалгасан байх ёстой гэсэн шаардлага яагаад тавьж болохгүй гэж.

-Өмнө нь утаа униар гаргадаггүй "Өлзий" зуух гээд л баахан тараасан. Одоо ч гэр хорооллын айл өрхүүдэд бий. Тэгэхээр эхний ээлжинд эко түлшийг нь  шийдвэрлэж болдоггүй юмуу. Мөн эрдэмтэдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ. ШУА-ийн эрдэмтэн түүхий нүүрснээс шингэн түлш гаргаж авсан зэрэг дэвшилтэт нээлтүүд ярьдаг ш дээ?

-Хотын дарга С.Батболд: Өнгөрсөн онд Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шийдэл боловсруулах үүргийг ШУА-д өгсөн. Тус байгууллагаас гаргасан шийдлүүдийг нийслэл агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллгааны төлөвлөгөөндөө тусгаж байгаа. Эрдэмтэд бол утаа их гарч байгаагийн гол үндэс нь айл өрхүүд гэр, байшингаа төдийлөн дулаалахгүй байгаатай холбоотой гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр бид Амины орон сууцны стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулна. Тухайлбал, стандартын шаардлага хангасан амины орон сууцыг үл хөдлөх хөрөнгөөр бүртгэх, банкны барьцаанд тавих эрхийг нээх зэрэг давуу тал олгоно. Энэ чиглэлд эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байгаа. Мөн нүүрсийг хийжүүлэх, шаталтыг сайжруулах чиглэлд шийдэл боловсруулж буй аж ахуйн нэгжүүд бий. Үүнийг судалж байна.

-Төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Хотын дарга С.Батболд: Би төрийн албанд 30 жил ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн үйлчилгээг иргэдэд хууль журмын дагуу, шуурхай хүргэх зарчим баримтлан ажиллаж ирсэн. Үүнийгээ ч нийслэлийн албан хаагчдад захидаг. Төрийн албан хаагчдын хувьд маш их халаа сэлгээ болж байна. Ажилд орсон хүнийг дөнгөж сургаж, дадлагжуулж байтал халдаг, сольдог тогтолцоо бий болжээ. Заримдаа доод шатны хүмүүс шийдчихэж болох ажлыг ямар нэгэн шалтгаанаар над дээр оруулаад ирдэг. Энэ нь манай монголчуудын зан буюу хууль, дүрмийн дагуу явахаас илүү таньдаг, мэддэг хүндээ ханддагтай холбоотой. Үүнийг даруй  шийдвэрлэх ёстой.

-Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нүүхээр одоо байрлаж байгаа байраа яах вэ?

-Ер нь бол хотын үл хөдлөх хөрөнгийг борлуулж, түүгээрээ хотын захад байр барина. Төсвийн хөрөнгөөр шинэ байр барих боломжгүй. Дэлхийн улс орнуудад “Сити хороолол” гэж байдаг. Энэ хороололд ихэвчлэн хуучин хотын захиргаа байсан байрууд байрладаг. Тэгээд тус хороололд иргэддээ шагнал олгох, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах зэргээр ашигладаг. Тэгэхээр НЗДТГ-ын байрыг “Сити хороолол” болгоно гэж төлөвлөж байгаа.

-Үйлдвэр технологийн паркуудын ТЭЗҮ-г боловсруулж дууссан уу?

-Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Эмээлт, Налайх, Багануур дүүргийн үйлдвэр, технологийн паркийн ТЭЗҮ боловсруулж дууссан. Одоо Багахангай дүүргийн үйдвэр технологийн паркийн зураг төслийг боловсруулж байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news