Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны төлөөлөгчид ИНЕГ-т айлчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ны Зүүн хойд Азийн бүсийн Аюулгүй ажиллагаа, нислэгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Чөн Шисин, Зүүн хойд Ази болон Монгол Улсыг хариуцсан менежер Ө.Энхбат болон Голланд улсын "KLM" агаарын тээврийн компанийн Нэгдлийн захирал Вайдо Малдер, Азийн бүсийн нислэгийн хөдөлгөөнийг хариуцсан менежер Клим ван дер Вейден нар ИНЕГ-т айлчлав
Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсээс IATA-гийн төлөөлөгчдөд иргэний нисэхийн салбарт тэр дундаа Агаарын навигацийн чиглэлээр сүүлийн үед хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, Монгол Улсын агаарын зайгаар нисэн өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх агаарын тээвэрлэгчдийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой саналууд тавьж хэлэлцүүллээ. Мөн төлөөлөгчдийг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцууллаа.
IATA-гийн зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн хийж буй ажлуудыг өндрөөр үнэлэн, бүс нутгийн орнуудын дунд үлгэр жишээ болж байгааг онцлоод агаарын тээвэрлэгчид болон нисэх багийн зүгээс Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний талаар ямар нэг санал гомдол сүүлийн жилүүдэд ирүүлээгүйг цохон тэмдэглэж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Энэхүү айлчлалын хүрээнд төлөөлөгчидтэй ИНЕГ дарга Л.Бямбасүрэн уулзаж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийж буй ажлуудыг дэмжин, өнгөрөлтийн нислэг, агаарын навигацийн хураамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд Зүүн хойд Азийн бүсийн Аюулгүй ажиллагаа, нислэгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Чөн Шисинийг ИНЕГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Ч.Ариунболд