НИТХ-ын дарга С.Амарсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гаспариковаг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Мөнхжаргал, Л.Нарантуяа, Ц.Байгальмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа.
Хатагтай Даниэла Гаспарикова, "Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эхлэл тавигдсан. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллага болж, ардчиллын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах аргагүй. Гэвч орон нутгийн иргэдийн төлөөллийг жинхэнэ утгаар нь хангасан, тэдний өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болж төлөвших зорилт бүрэн хэрэгжээгүй байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийг УИХ-ын Тамгын газартай хамтран өнгөрсөн оны нэгдүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх болсон. Төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай асуудлууд, ИТХ-ын зохион байгуулалтын болон төлөөлөгчдийн чадавхийг нэмэгдүүлэх, иргэд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж олгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Төслийн хувьд 21 аймаг, сум дүүрэг, хотын ИТХ-ыг түшиглэн ажилладаг. Уг төслийн нэг чухал чиглэл нь ИТХ-ын төлөөлөгчдийг сургаж чадавхижуулах явдал байдаг. 2017 оны хувьд сонгуулийн дараах жил байсан учир бид багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг Улаанбаатар хотноо сургалтанд хамруулсан" гэлээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарийн хөгжлийн агентлагаас нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжилд анхааран ажиллаж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Монгол Улсад ажиллаж байгаа 8000 гаруй ИТХ-ын төлөөлөгчдийн идэвх оролцоог илүү сайжруулах чиглэлд энэ төслийн гол утга агуулга оршиж байгаа нь сайшаалтай хэрэг юм. НИТХ, Хурлын төлөөлөгчид энэ төсөлд ач холбогдол өгч, оролцох болно. Бидний зүгээс төсөлд нээлттэй оролцох, цаашдаа хурлын ажлын алба, НИТХ-ын төлөөлөгчидтэй хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал бодлоо солилцоод, нэгдсэн шийдэлд хүрээд хамтраад ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.
НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн бодлогын хорооны дарга С.Мөнхчулуун, "НИТХ-ыг чадавхижуулахад чиглэсэн төслийг хэрэгжүүлж байгаад баяртай байна, төслийн талаарх мэдээлэл НИТХ-ын төлөөлөгчидөд бага байгааг цаашид анхаарна биз. Монгол улсын хувьд ИТХ-ын сонгууль 4 жилд нэг удаа болдогтой холбоотойгоор бүх шатны сонгуулийн иргэдийн төлөөлөгчид солигдож байдаг. Иймээс ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахаас илүүтэй ИТХ-ын ажлын албаны төрийн албан хаагчдийг чадавхижуулах, сургалтанд нь хамруулах нь илүү үр дүнтэй байж болох юм" гэсэн санал хэллээ. Хатагтай Даниэла Гаспарикова түүний саналыг төслийн багийнханд танилцуулахаа илэрхийлэв.
Уулзалтад оролцогчид төслийг НИТХ-ын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх, хэлэлцүүлэг явуулах, сургалт семинарын байнгын механизмыг Удирдлагын академитэй хамтран хэрхэн бий болгох гэх зэрэг сэдвээр харилцан яриа өрнүүлснээр уулзалт өндөрлөв.
Ч.Ариунболд