Халуун хоолоор дайлахын зэрэгцээ ажлаа сурталчилсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:38:16

Халуунд халж, хүйтэнд хөрч гадаа ажиллан иргэдийнхээ аятай нөхцөлийг хангаж байдаг Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрынханд аймгийн Татварын хэлтсийн хамт олон халуун аарцаар үйлчлэхийн зэрэгцээ шинээр мөрдөгдөх хууль тогтоомжоо сурталчлан таниулсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард Улсын Их Хурал шинэчлэн баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих тус хуулиар иргэд төлсөн татварынхаа 20 хувь буюу үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, сугалаанд оролцдог болох аж. Ийнхүү Төр иргэнээ дэмжсэн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжийг олгохоор НӨАТ-ын урамшуулалын системийг хөгжүүлж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн байцаагчид ТҮГ-ын ажилчдад ийнхүү сурталчилгаа хийхийн зэрэгцээ халуун аарц, буузаар дайлж баярлуулсан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news