СЭЛЭНГЭ: Хөрөнгө оруулалтаас хөгжил рүү сумдын удирдлагуудад мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-10 09:12:31

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Хөрөнгө оруулалтаас хөгжил рүү" сэдэвт сумдын удирдлагуудыг чадавхжуулах сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

 

Аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй энэхүү сургалтаар Сумдын удирдлага, санхүүгийн бодлого, төлөвлөлтийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, шуурхай хүргэх мэдлэгийг олгож байгаа юм.

 

Сургалтад 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга нар болон сумдын ерөнхий нягтлан бодогч нар оролцож байна.

 

Сургалтаар сум орон нутгийн суурь судалгаанд суурилсан, онцлогт тулгуурласан бүтээн байгуулалтыг зөвхөн төсвийн санхүүжилтийг хүлээлгүйгээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг тухайн орон нутагт хэрхэн хангах, иргэдийн амьжиргааг бодитоор нэмэгдүүлэх, цаашлаад орон нутгийн бонд бий болгох боломжийн  талаарх мэдээллийг түгээж буйгаараа үр дүнтэй болж байна.

 

Сургалтыг "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент Үнэт цаасны компани" ХХК-аис зохион байгуулж байгаа юм.

 

Тухайн суманд хөрөнгө оруулах гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын газрын асуудал, татварын хөнгөлөлтийг бий болгосноор хөрөнгө оруулагчдыг татах суурь бүрдэх юм.

 

Related news