СЭЛЭНГЭ: БНСУ-ын Сөүл хотын Самёок их сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-10 10:02:51

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургуулиудад суралцаж, эргээд орон нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт ажлыг аймгийн удирдлагын багаас хийж хэрэгжүүлж байна.

 

Энэ удаа аймгийн Засаг дарга БНСУ-ын Сөүл хотын Самёок их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Тус сургууль нь 120 жилийн түүхтэй. Сүүлийн зургаан жилийн турш хамгийн их тэтгэлэг олгосон сургуулиар улсдаа тэргүүлдэг байна.

 

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс Сэлэнгэ аймгаас очиж суралцах оюутнуудад төлбөрийн уян хатан нөхцөл, ажиллах боломж, тусгай хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг сургуулийн төлөөлөгчдөд уламжиллаа.

 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт 150 багш, 69 эмч, ХАА-н салбарт 160 орчим мэргэжилтэн дутагдалтай байгаа. Мөн Дулааны цахилгаан станц барьж байгаатай холбогдуулан цахилгааны инженер болон нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд нэн шаардлагатай байгаа юм.

 

Энэ 2025-2026 оны  хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1200 сурагч ЕБС-аа төгсөнө.  

Related news