MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

СЭЛЭНГЭ: Үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх уламжлалт тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-13 16:08:27

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Мандал сумын Хэрх тосгонд энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

 

Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудыг үндэсний бөхөөрөө хичээллэх, дээдлэх, бахархах, хөгжүүлэх ач холбогдол бүхий тус тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн хурц арслан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Г.Жаргалтулга агсны нэрэмжит болдгоороо онцлогтой.

 

17 дахь жилдээ болж буй тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны 80 гаруй өсвөрийн бөхчүүд 5 насны ангилалд бяр, хүчээ сорин өрсөлджээ.

 

Үндэсний бөхийн өв соёлоо түгээж буй уламжлалт тэмцээнд Э.Сүхбаатар дасгалжуулагчтай Мандал сумын өсвөрийн бөхчүүд 3 алт, 3 мөнгө, 3 тусгай байр эзэлсэн багийн амжилтаараа тэргүүн байрт шалгарч цом, мөнгөн шагналын эзэд болсон байна.

 

Тус тэмцээний ивээн тэтгэгчээр "Хэрх илч" ХХК, Г.Жаргалтулга агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд ажиллажээ. Мөн Сэлэнгэ аймгийн БТСГ, Хэрх ЕБС, Хэрх Захирагчийн алба, Хэрх соёлын төв хамтран ажилласан байна.

Related news